
Японы баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 30 болж нэмэгдсэнийг Ерөнхий сайд Санаэ Такаичи пүрэв гарагт мэдэгдлээ. Хоёр хоногийн өмнө Кюшю арлын Күмамото мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж бүс нутгийн барилга байгууламж, цахилгааны шугам сүлжээнд их хэмжээний хохирол учруулсан. Аврагчид гамшиг тохиосон бүсээс эсэн мэнд үлдсэн хүмүүсийг олохоор тасралтгүй ажиллаж байна.
Газар хөдлөлтөөр ихэд сүйдсэн байгууламжуудын нэг болох Кашима хотын Aeon худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж хэд хэдэн хүн амь үрэгдсэн бөгөөд уг явдлаас цаг орчмын дараа хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа ч газ алдагдсанаас үүдэлтэй байх өндөр магадлалтай гэж Aeon компанийн захирал хэвлэлд өгүүлжээ. Тус худалдааны төв нь 2016 оны дөрөвдүгээр сард 278 хүний амь насыг авч одсон цуврал газар хөдлөлтөөр сүйдэж байсан бөгөөд их засварын дараа дөнгөж өнгөрсөн сард л үүд хаалгаа нээгээд байсан юм.
Яцүширо хот дахь Nippon Paper үйлдвэрийн барилга нурсны улмаас таван хүн амь үрэгджээ. Үйлдвэрийн нурангид 11 хүн дарагдсанаас одоогоор долоон хүнийг эсэн мэнд гаргаад байна.
Гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд мянга мянган алба хаагч дайчлагдан ажиллаж байна. Эхний хүчтэй газар хөдлөлтөөс хойш 100 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн тул ахин аюул нүүрлэхээс болгоомжилсон иргэд олноор автомашиндаа хоноглож байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 9000 орчим иргэн түр хоргодох байруудад байрлаж байгаа ч бүс нутгийг хамраад буй хэт аагим халуун тэдний хувьд бас нэгэн том сорилт болж байна. Ойрын өдрүүдэд агаарын температур 39°C хүртэл халах төлөвтэй байгаа тул албаныхан иргэд болон аврагчдыг наршихаас сэргийлж, шингэн сайн уухыг анхааруулж байна. Лхагва гаргийн байдлаар 30 000 гаруй өрх цахилгаангүй хэвээр байгаа аж. Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми Күмамото муж руу 300 агааржуулагч илгээсний талыг нь нүүлгэн шилжүүлэх төвүүдэд байршуулахаар шийдвэрлэжээ.