
Ганжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар хаврын дунд сарын хуучны 16 буюу дөрөвдүгээр сарын 3-нд эхэлнэ.
“Ганжуурын эш лүн” гэдэг нь Бурхан багшийн айлдсан сургаалийг дамжуулж, хүч оршлыг нь хүртээх номын онцгой зан үйлийг хэлдэг байна. Энэ нь багшаас шавьд аман хэлбэрээр уламжлагдаж ирдэг бөгөөд тухайн сургаалийн дамжлага тасраагүй байх нь маш чухал аж.
Түүхэнд бурханы сургаалийг гурван удаа эмхэтгэснээс гурав дахь удаад буюу нирваанаас хойш 300 жилийн дараа анх бичиг үсэгт буулгаж ном болгон хэвлэсэн гэж үздэг. Тэр цагаас хойш эш лүнг уламжлуулах, дамжуулах уламжлал бурханы шашинд тогтсон байна. “Ганжуурын эш лүн” нь зөвхөн судар төдийгүй дамжлага, хүч оршлыг хамтад нь хүртээдэг нандин зан үйл бөгөөд энэ уламжлал өнөө цагт дахин сэргэж буй. Энэ жилийн тухайд Ганжуурва Догдан Ринбүчи Монгол оронд саатан морилж дөрөвдүгээр сарын 3-наас Ганжуурын лүн хайрлах юм.