
“Айчи-Нагоя 2026" Азийн зуны спортын XX наадам ирэх баасан гарагт нээлтээ хийнэ. Тэгвэл наадмын нээлтийн өдөр Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг Тайваний багтай эхний тоглолтоо хийх юм. Өнөөдөр Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эмэгтэй баг болон 3х3 эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглолтын өмсгөлийг гардуулан өглөө.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд эмэгтэй анхны гавьяатууд болох О.Хулан, Б.Ариунцэцэг болон М.Цэрэнлхам, М.Булбул, Б.Болор-Эрдэнэ нарын шилдэг тамирчид багтжээ. Мөн “Улаанбаатар Амазонс” багт тоглож буй Амари Робинсон тоглохоор болсон байна. Харин 3х3 эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 23 хүртлэх насны залуучуудын шигшээ баг Азийн наадамд өрсөлдөхөөр боллоо.
Монгол Улсын эмэгтэй баг ирэх баасан гарагт хэсгийн эхний тоглолтоо Тайваний багтай хийнэ. Харин ирэх долоо хоногт БНСУ, Малайзын багуудтай тоглоно. Харин 3х3 багийн тоглолтууд есдүгээр сарын 21-25-ны хооронд болно.
