Монголын шатрын холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа. МҮЭСТО-д найман өдрийн турш болсон тэмцээний медальтнууд өчигдөр тодорч Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчид тодорлоо.
Энэ жилийн эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 11 өргөөс 7,5 оноогоор түрүүлж, Монгол Улсын 35 дахь аваргаар тодорлоо. Удаах байрт 16 настай ФИДЕ мастер Г.Тэнгүүндалай орсон бол олон улсын мастер Х.Итгэлт хүрэл медаль хүртлээ. Мөн ФИДЕ мастер Б.Тэнүүнболд, Н.Содбилэгт нар дөрөв, тавдугаар байрт орж, ирэх сард АНЭУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнзул 11 өргөөс 10,5 оноогоор түрүүлсэн. Түүний хувьд 10 дахь өрөгт түрүүлэх болзлоо хангасан бөгөөд 2025, 2026 онд дараалан алтан медаль хүртлээ. Энэ ангилалд Монгол Улсын 27 дахь аварга, их мастер Т.Мөнхзул мөнгөн медаль хүртсэн бол кандитат мастер Х.Баясгалан хүрэл медалийн тавцанд зогслоо. Харин ФИДЕ мастер Н.Содгэрэлт, Э.Хүслэн нар 4-5-р байрт орсноор тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа.
