
ОХУ-ын эсрэг дайнд Украины талд цэргийн дэмжлэг үзүүлэх ямар нэгэн амлалт Өмнөд Солонгосоос гараагүй гэж БНСУ-ын парламентын гишүүн Ю Ён-ха мэдэгдлээ.
Оросын Курск мужид олзлогдсон Умард Солонгосын хоёр цэргийг шилжүүлсэнтэй холбоотойгоор ч ийм тохиролцоо хийгдээгүй гэх энэ мэдээллийг тус улсын Тагнуулын үндэсний албанаас авсан мэдээлэлд үндэслэн хэлсэн гэдгээ гишүүн Ю Ён-ха мэдэгдсэн байна.
Оросын Курск мужид болсон байлдааны үеэр олзлогдсон хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэхэд Украин ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавиагүй гэдгийг тэрээр онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ олзлогдсон Умард Солонгосын хоёр цэргийг Украин Өмнөд Солонгост шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм.
Зеленський шилжүүлгийн талаар мэдээлсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар Украинаас албан ёсны тайлбар болон уучлалт хүсэж, Умард Солонгос дахь цэргүүд болон тэдний төрөл төрөгсдийг хамгаалах үүднээс шилжүүлгийн талаар нууц хадгалах тохиролцоогоо Киев зөрчсөн гэж буруутгасан.
Харин Киевийн талаас нууц хадгалах ямар ч тохиролцоо байгаагүй гэж мэдэгдсэн билээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр цэргийг хамгаалалтад авсныхаа дараа тэднийг байцааж, аюулгүй байдлын шалгалтад хамруулна. Үүний дараа тэдэнд хамгаалалт олгох эсэх болон Өмнөд Солонгост суурьшуулах үйл явцыг эхлүүлэх эсэхийг шийдэх юм.
Өмнөд Солонгосын хуулийн дагуу Тагнуулын үндэсний алба түр хамгаалалтад байгаа хүмүүсийн талаар мөрдөн шалгалт явуулж, тэдний хэн болох, Умард Солонгосоос гарах болсон шалтгаан болон аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг нягталдаг.