Намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 25 удаа хуралдаж долоон хууль, УИХ-ын гурван тогтоол батлуулжээ. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсөв, 2027-2028 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гурван тогтоолын төсөл болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "2026 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүнг 35.2 их наяд төгрөгөөр, улсын төсвийн орлогыг 20.5 их наяд төгрөгөөр тус тус тооцож, төсвийн тогтворжуулалтын санд 367.6 тэрбум төгрөгийг, Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөгийг хуримтлуулахаар тооцсон. Гол нэрийн экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн, сайжруулж хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх нь төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзсэн" гэв.