
Монгол Улсын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд МҮЭСТО-д болж байна.
Тэмцээний найм дахь өргийн тоглолтод Б.Баярмаа, Б.Хулан нарын өрөг 6 цаг 10 минут үргэлжилж, тэнцээгээр өндөрлөжээ. Энэ тоглолт одоогоор улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон хамгийн удаан үргэлжилсэн тоглолтоор бүртгэгдсэн байна.
Тоглолтын дараа Б.Хулан 4,5 оноогоор 5-р байрт, Б.Баярмаа 2,5 оноогоор наймдугаар байрт бичигдсэн байна.
МҮЭСТО-д болж буй улсын аварга шалгаруулах тэмцээний 10 дахь өргийн тоглолт маргааш болж, ням гарагт медальтнууд тодорно. Энэ жилийн эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний таван байр эзэлсэн шатарчид ирэх арваннэгдүгээр сард АНЭУ-ын Аби Даби хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.