Монголбанкны мөнгөний бодлогын хорооны зургаадугаар сарын 12, 13-ны хурлаар банкнаас шинээр олгох болон нөхцөл өөрчлөх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ.

Хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого

Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар банкнаас аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 40 их наяд төгрөгт хүрч, жилийн хугацаанд 30 хувиар өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувийг эзэлж байгаа иргэдийн зээл жилийн хугацаанд 31 хувиар өсөв.

Сүүлийн жилүүдэд банкнаас иргэдэд олгосон хэрэглээний зээлийн жилийн өсөлт дунджаар 30 хувьд хүрч, өрхийн өрийн дарамт нэмэгдсээр буй. Иймээс Монголбанкны зүгээс хэрэглээний зээлийг хазаарлах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Хэрэглээний болон тэтгэврийн зээлтэй холбогдуулан Төв банкнаас гаргасан шийдвэрүүд:

- 2019.01.01 Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 70%, хугацаа-30 сар

- 2019.04.01 Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 60%

- 2020.04.14 Хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах

- 2020.12.21 Тэтгэврийн зээлийг өр, орлогын харьцааны хязгаарлалтаас чөлөөлөх

- 2024.07.05 Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа 55%

- 2025.03.10 Хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа 50%, тэтгэврийн зээлийг амьжиргааны доод түвшинтэй уялдуулах

- 2025.06.13 Тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 50%
Эх сурвалж: Монголбанк

Гэр ахуйн хэрэгцээнд зориулсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах, амьдралын тэмдэглэлт үйл явдал түүнтэй холбогдон гарах санхүүгийн хэрэгцээг хангах зорилготой бүтээгдэхүүнийг “Хэрэглээний зээл” гэж тодорхойлдог. Хэрэглээний зээлийн өсөлт нь богино хугацаандаа банкны үйл ажиллагаа, ашгийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх ч дунд, урт хугацаандаа өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхыг муутгах, дотоод хуримтлалыг бууруулах, цаашлаад санхүүгийн тогтвортой байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй. Тэр дундаа хэрэглээний зээлтэй адилтгаж, энэ онд хоёр ч удаагийн Мөнгөний бодлогын хурлаар тэтгэврийн зээлийн нөхцөлийг чангарууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

“Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголбанканд албан тоот илгээж хяналтгүй өсөж байгаа тэтгэврийн зээлд тодорхой хязгаарлалт, бодлогын шийдвэр хэрэгтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ хүрээнд Монголбанк сарын төлөлт нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс хэтрүүлж зээл олгохгүй байх шийдвэрийг энэ оны гуравдугаар сард гаргасан. Гэхдээ энэ нь нэлээд огцом, хатуу шийдвэр байсан гэдэг нь амьдрал дээр харагдсан. Ахмадуудаас Монголбанканд тодорхой хүсэлтүүд ирүүлж, УИХ-ын чуулган дээр энэ асуудал яригдсан. Ийм учраас энэ удаад тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд оруулахаар шийдсэн.”

Гэхдээ Монголбанкны энэ шийдвэр ч ахмадуудад таалагдаагүй. Тэтгэврийн зээл тойрсон асуудал намжихгүй, шүүмжлэл үргэлжилсэн юм.

Орлогоос давсан өрийн дарамт нэмэгдсээр...

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын конвенцоор хүний авах тэтгэврийн хэмжээг өнгөрсөн хугацаанд авч байсан цалингийн 45 хувиас багагүй байлгах шалгуур тавьдаг. Манай улс ч энэ босгоор тэтгэврээ тогтоодог. Тэтгэвэрт гарснаар орлого шууд 50 хувиар буурч, дийлэнх нь амьжиргаандаа хүрэхгүй доод хэмжээгээр тэтгэвэр авах нөхцөл рүү түлхдэг тогтолцоотой. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгох асуудлыг ярьсаар удаж байгаа ч үйлдэл хийгээгүй хэвээр. Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 54 хувь нь доод хэмжээний тэтгэвэртэй. Энэ онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөгт хүрсэн. Гэхдээ энэ мөнгөөр сарын урсгал зардал, хоол хүнс, эм тариагаа авч хүрэлцдэггүй. Иймээс ч ахмадууд зээл авч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөхөөс аргагүй.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 514 мянга байгаа бол 281.2 мянган иргэн тэтгэврийн зээлтэй. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бол зээлтэй иргэд зээлийн төлбөрт сардаа 675 мянган төгрөг төлж байна. Тэтгэврийн зээлдэгчийн дундаж өр, орлогын харьцааг харвал 84.2 хувь байгаа нь зээлийн төлбөрийн дарамт өндөр байгааг харуулж буй юм. Зээлийн дарамт өндөр байгаагаас шалтгаалж тэтгэврийн зээлтэй иргэдийн хувьд зээлээ төлж дуусахаас өмнө зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж нэмж зээл авах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд тэтгэврийн зээлийн хэмжээг зээл болон хүүгийн төлөлт нэг сарын тэтгэврийн 50 хувиас хэтрэхгүй байх, 12-24 сарын хугацаатай, сарын 1.4-1.6 хувийн хүүтэйгээр олгож байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

“Тэтгэврийн зээл авсан иргэдийн 90 гаруй хувь нь тэтгэврийнхээ 50-иас дээш хувийг зээлийн төлбөртөө суутгуулдаг. Тодруулбал, нийт 40 орчим мянган зээлдэгч тэтгэврээсээ гар дээрээ нэг ч төгрөг авч үлдэлгүй, 100 хувь зээлийн эргэн төлөлтдөө татуулдаг. Тэтгэврийнхээ 90-100 хүртэл хувийг зээлийн эргэн төлөлтдөө татуулдаг иргэд нийт зээлдэгчдийн 61 хувь байгаа. Тэгэхээр тэтгэврийн зээл авсан хүн санхүүгийн хувьд өдөр тутмын хэрэгцээгээ хангахад түвэгтэй нөхцөлд байна гэдгийг харуулж байна. Ийм нөхцөлд зээлийн төлөлтөө бүрэн дуусгалгүй дахин нэмж зээл авахаас аргагүйд хүрч байна. Энэ нь тэтгэврийн зээл зохицуулалтгүйгээр удаан явсны сөрөг үр дагавар. Нэгэнт зээл авсан хүмүүсийг аажмаар өрийн дарамтаас гаргах чиглэлд зохицуулалтыг арга хэмжээг үе шаттай авах шаардлага үүссэн.”

Улстөржсөн шийдвэр зээлийн эрэлтийг өдөөв үү ...

Тэтгэврийн зээлийг зохицуулалтгүй удаан явуулсны сөрөг үр дагавар өнөөдөр илэрч, түүнийг залруулах үүрэг Төв банканд оногдож, түмний эгдүүцлийг хүртэж буй.

Амьжиргаанд нь хүрэхгүй, ядуу амьдрахад хүргэж байгаа тэтгэвэрийг нь нэмэх асуудал улстөрчдийн мөнхийн амлалт, ахмадуудын үүрдийн хүлээлт болсон гэлтэй. Сонгууль угтсан нэг удаагийн арга хэмжээ, хууль тогтоомжийн хор хохирол, төлөөсийг татвар төлөгчдийн халаас, төсвөөс төлдөг жишээ олон. Тэтгэврийн зээлийг ч улстөржилт тойроогүй. УИХ аас 2020 оны нэгдүгээр сард тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан. Зээлтэйгийнх нь зээлийг нь хааж, зээлгүйд нь нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар их наядаар хэмжигдэх зардал гаргасан. 2019 оны эцэст 757.8 тэрбум төгрөгт хүрээд байсан банкны салбарын тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2020 оны I улирлын эцэст 160.7 тэрбум төгрөгт хүрч буурсан. Гэсэн хэдий ч энэ оны хоёрдугаар сард тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөгт хүрч, зээл тэглэснээс хойш гурав дахин өссөн.

Санхүүч Г. Батжаргал

Зээл авч л байя. Шинэ жил, Цагаан сар, наадмаар зээлийг тэглэж магадгүй гэсэн бодол хүмүүст суусан. Яагаад гэхээр, хэдхэн жилийн өмнө он солигдох мөчид тэтгэврийн зээл тэглэлээ гэж мэдэгдээд тэглэсэн. Энэ нь иргэдэд дахин ийм хүлээлтийг төрүүлэхээс гадна төсвөөс энгийнээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа дундаж давхаргынхны төлж байгаа татварын мөнгөөр өөр хэн нэгний зээлийг хааж байгаа үйлдэл болсон. Зөвхөн зээл ч биш сонгууль дөхөхөөр торгууль чөлөөлөх, тэглэх асуудал яригдаж, даамжраад ипотекийн зээлийг тэглэх асуудал хүртэл яригдаж зээлдэгчдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн. Зээл тэглэх нь хийх байтугай дахин ярих асуудал биш.”

Зээлийн хэмжээг нэмэх үү, тэтгэврийг нь нэмэх үү?

Фридрик-Эбертийн сангаас 2022 онд “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” судалгаанд тэтгэврийн зээл нь ахмад настны эрхийн зөрчил гэж үзжээ. Учир нь, албан ёсны статистик судалгаагаар ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэврийн зээлтэй. Тухайн судалгааны ярилцлагад оролцсон ахмадууд 100 хувь тэтгэврийн зээлтэй байсан ба зээлээр авсан мөнгөө үр хүүхдүүддээ зарцуулсан гэж хариулжээ. Тэтгэврийн зээлийн дийлэнхийг ахмад настнууд өөрсдийн хэрэгцээнд бус үр хүүхэд, гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг гэх судалгааны үр дүн ч Монголбанкны зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах үндэслэл болсон гэж тэд тайлбарлаж буй.

“Төрөөс ахмадуудын талаар чухам юун дээр дутуу анхаардаг вэ” гэдэг асуулгад судалгаанд оролцогчдын 50.8 хувь нь “Тэтгэврийг нь бага тогтоодог” гэж хариулжээ. Төр тэтгэврийн зээлийн нөхцөл, хүүг бууруулахад биш тэтгэврийг нэмэгдүүлэх тогтолцооны өөрчлөлт, ахмадуудыг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлогын арга хэмжээндээ анхаарахыг тэд хамгийн их хүсэж байгаа нь судалгааны үр дүнгээс бэлхнээ харагдана.