
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжүүлнэ, болино. Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулна, олон хүүхэдтэй өрхийг дэмжинэ, тэтгэнэ.
Улстөрчдийн амнаас амьсгалах бүрд нь бараг хамт гарч буй эдгээр үгс “Монголчууд бид олуулаа болох хэрэгтэй” гэх мессежтэй хамт явдаг ч тоо харин өөр дохио өгч байна.
Монгол Улсын өрхийн тоо 2025 онд нэг саяд хүрчээ. YouTuber байсан бол Silver Button авах хэмжээний амжилт ч юм шиг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнд гарсан уг тоо манай улсын өрх 2020 оноос 12.1 хувиар нэмэгдсэн гэдгийг харуулав. Бүр нийт өрхийн 67.3 хувийг эхнэр, нөхөр, хүүхдүүдтэй амьдарч буй өрх эзэлсэн нь ч тодорчээ. Харамсалтай нь өсөн нэмэгдэж буй өрхийн бүтэц эсрэгээрээ өөрчлөгдсөн санаа зовмоор тоо ч мөн байна. Тодруулбал, Монгол Улсын нийт өрхийн 41 хувь нь хүүхэдгүй өрх байгаа аж. Ганц бие залуу, үр хүүхэд нь үүрээ орхисон ахмад настан уг өрхийн тоонд багтаж байгаа ч хүүхэдгүй “өрх” монгол өрхийн 41 хувийг эзэлж байгаа нь өөрөө анхаарал татсан тоо билээ. Үлдсэн өрхийн 59 хувь нь хүүхэдтэй (гэхдээ 1-2 л хүүхэдтэй) гэх өнөөгийн бүтэц төрийн хэмжээнд анхаарах хэрэгтэй асуудал билээ.

Монгол Улсын өрхийн тоо өсөж байгаа хэдий ч нэг өрх доторх ам бүлийн тоо багасч байгаа нь нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлсээс шалтгаалж байна. аймгаар нь авч үзвэл өмнөговь аймагт 1-2 ам бүлтэй өрх 49.4 хувийг, орхон аймагт 3-4 ам бүлтэй өрх 36.9 хувийг, баян-өлгий аймагт 5-6 ам бүлтэй өрх 36.3 хувийг, 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 15.0 хувийг буюу тус тус хамгийн өндөр хувийг эзэлж байна. баруун бүсийн аймгуудад 5-6 ам бүлтэй болон 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа нь уламжлалт зан заншил хадгалагдсан хэвээр байгааг харуулж байна.
ҮСХ: 2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллого
Өрхийн тоо өсөж байгаа ч өрх доторх ам бүлийн тоо багасаж буй нь өнөөх л нийгэм, эдийн засгаас шалтгаалж байна. Улсын хэмжээнд 1-2 ам бүлтэй өрхийн тоо нэмэгдэх хандлага нийтлэг байгаа нь эргээд төрөлт буурч буй тоотой ч холбогдоно.
“Хот болон уул уурхайн бүсүүдэд 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор өрхийн ам бүлийн дундаж тоо 3.4 болж өмнөх тооллогоос 0.2 нэгжээр буурсан” нь Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор тодорхой гарч иржээ.
Өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад 1-2 ам бүлтэй өрх хотод 57.6 мянга буюу 31.2 хувь, хөдөөд 24.7 мянга буюу 25.3 хувиар тус, тус өсжээ. Энэхүү өсөлт нь хот, хөдөөд аль алинд нь ажиглагдаж байгаа ч өрхийн доторх ам бүлийн тооны хувьд ялгаатай байна. Тухайлбал, хотод 3-4 ам бүлтэй өрх зонхилж (35.5 хувь) байгаа бол хөдөөд 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь харьцангуй өндөр (40.6 хувь) байна. Харин 5-6 ам бүлтэй болон 7 ба түүнээс дээш ам бүлтэй өрх өмнөх тооллогоос 0.1-0.4 нэгж хувиар буурсан байна.
2025 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллого
Өнөөдөр хүүхэд төрүүлж, өсгөхийг “хойш тавьж” буй хүмүүсийн сонголт нөгөөдөр хүн амын насжилт, хөдөлмөрийн насны хүн ам, тэтгэврийн санхүүжилтээс эхлээд нийгмийн олон хүчин зүйлд сөргөөр нөлөөлнө.
“Хүүхэдгүй өрх”-ийн цаана төрөлт буурсан гэх сөрөг тоо бас бий.

2020 онд монголчууд бид өдөрт 213 шинэ хүн өлгийдөн авдаг байсан бол 2024 онд энэ тоо 165 болж цөөрчээ. Гуниг дагуулсан төрөлт буурсан гэх тоо 2025 онд ч үргэлжилж, Монгол Улсын хэмжээнд 56 695 хүүхэд төрсөн нь 2024 оныхоос 3500-аар буурсан үзүүлэлт болж, хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оноос 8.1 хувиар саарсныг ҮСХ тайлагнасан. Нэг монгол эмэгтэй дунджаар хоёр хүүхэд төрүүлж байгаа гэх тоо ч энэ байдлаараа буурах магадлал өндөр. Нэг эмэгтэй хоёроос цөөн хүүхэд төрүүлбэл нөхөн үржихүйн эргэн нөхөгдөх түвшин хангагдахгүйд хүрч хүн амын өсөлт саардаг гэх томьёолол ч байдаг.
НҮБ-ын тоон мэдээлэл дээр үндэслэдэг Worldometer-ийн дүнгээс харвал урд хөрш БНХАУ-ын хүн ам энэ сарын байдлаар 1 411 890 514 буюу хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орж буй. Харин хойд хөршийнхөн 143 394 458 гэж тоологдож дэлхийд есөд жагсжээ. Хоёр их гүрний дунд монголчууд бид 3 570619-үүлхнээ оршино. Харамсмаар, халагламаар бас аймаар. Гэр бүл салалт, өрхийн амьжиргаа, хүүхэд өсгөх зардал, утаа, түгжрэл, эмнэлэг болон сургуулийн хүртээмж гэхчлэн нийгэм, эдийн засгийн олон асуудал залуусыг хүүхэдгүй амьдрах зам руу “түлхэж байна”.
Хүн амын насны суваргын бүтцээс харахад нийт хүн амын 65.3 хувийг 15-69 насныхан 32 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд харин 2.7 хувийг 70 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Төрөлт жил дараалан буурч, хүн амын өсөлтийн хурд саарах нь алсдаа хүн амын бүтцэд өөрчлөлт оруулдаг. Энэ тоо араасаа хөдөлмөрийн зах зээл, тэтгэвэр, татвар, эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаанд өөрчилнө.
Төрөлт буурч, хүүхэдгүй өрхийн тоо нэмэгдэж буй энэ үйл явц алсдаа ямар үр дагавар дагуулах вэ.
Хүн
амын насжилт нэмэгдэнэ
Төрөлт удаан хугацаанд бага хэвээр байвал нийт хүн амд ахмад настнуудын эзлэх
хувь өсөж, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурна.
Ажиллах
хүчний хомсдол
Хүүхэд цөөн төрсөн үеийнхэн хөдөлмөрийн насанд хүрэхэд ажиллах хүчний
нийлүүлэлт багасаж, зарим салбарт ажилтан олоход хүндрэл үүсэх магадлал өндөр.
Тэтгэврийн
тогтолцооны дарамт нэмэгдэнэ
Ажил эрхэлж, шимтгэл төлж буй хүн амын тоо харьцангуй буурах үед тэтгэвэр
авагчдын зардлыг санхүүжүүлэхэд хүндрэл бий болно.
Эрүүл
мэнд, асаргааны зардал өснө
Хүн ам насжихын хэрээр ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ, урт хугацааны
асаргааны хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байдгийг олон улсын гашуун туршлага
харуулдаг.
Эдийн
засгийн өсөлт саарах эрсдэл үүснэ
Ажиллах хүчний тоо буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэхгүй бол үйлдвэрлэл,
үйлчилгээний өсөлт болон нэг хүнд ногдох орлогод сөргөөр нөлөөлж болно.
Орон
нутгийн хүн ам цөөрнө
Төрөлт буурахтай зэрэгцэн залуус шилжин суурьшвал зарим орон нутагт хүн амын
насжилт түргэсэж, сургууль, үйлчилгээний хүртээмжийг хадгалахад хүндрэл үүсэж
болно.
Боловсролын
байгууллагын ачаалал, бүтэц өөрчлөгдөнө
Хүүхдийн тоо буурсан бүс нутагт цэцэрлэг, сургуулийн элсэлт багасаж, анги бүлэг
нэгтгэх, байгууллагын хүчин чадлыг дахин төлөвлөх шаардлага үүсдэг.