
Бямба гарагт болох Тайванийн хотын дарга болон мужийн захирагчдын сонгууль Хятадтай шууд холбоогүй ч Бээжин хүчтэй эсэргүүцэж шүүмжилж эхэлжээ.
Тайбэй хотын даргад нэр дэвшигчээр БНХАУ-ын цагдаагийн байгууллагад “салан тусгаарлах үзэл” гаргасан хэргээр эрэн сурвалжлагдаж буй хууль тогтоогчийг эрх баригч нам дэвшүүлсэн юм.
Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ч ардчилсан арлыг бодитоор захирдаггүй Хятад улс эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын Тайбэй хотын даргад нэр дэвшигч Пума Шэнийг “урвагч” хэмээн нэрлэжээ. Түүнийг Хятадын аюул заналхийллийг дэвэргэж, сонгогчдыг уруу татаж байна гэж Бээжин буруутгажээ.
Аравдугаар сард Тайбэй хотын прокурорын газар Шэний гэрийн гадаа байрлуулсан скутерт хяналтын төхөөрөмж суурилуулсан хэрэгт дөрвөн хүнийг яллагдагчаар татжээ. Мөн уг ажиллагааны ард байсан гэж үзсэн Хонконгийн хоёр иргэнийг баривчлах захирамж гаргасан байна.
Мөн энэ сард Хятадын төрийн төв телевиз CCTV Шэнийг сонгуулийн үеэр гаднын оролцооны талаар ярьж, “Хятадыг эсэргүүцэх хөзөр” ашиглан ов мэхээр сонгогчдын саналыг авахыг оролдож байна гэж буруутгажээ.
Өнгөрсөн сард Хятад улс Шэний эцгийн Хятад дахь бизнест хориг арга хэмжээ авсан нь түүнд өмнө нь ногдуулсан хоригийг хүрээг нэмэгдүүлсэн явдал юм.
Тайбэй хотын эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнө Бээжин цэргийн ажиллагаа, кибер халдлага болон мэдээллийн дайн зэрэг нөлөөллийн ажиллагаагаа эрчимжүүлж байгааг удаа дараа буруутгаж иржээ. “Хятадын Коммунист нам олон жилийн турш Тайванийн талаарх бодлогоо тус арлын сонгуулийн үр дүнтэй холбож ирсэн. Тиймээс сонгуулийн өмнөхөн хөндлөнгөөс оролцох нь зайлшгүй болж байна” гэж Тайванийн эх газрын асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга Чю Чүй-чэн Ройтерс агентлагт ярьжээ.
Ийм оролцоо нь “эсрэг үр дүнд хүрч, Тайванийн ард иргэдийн Хятадын коммунист дэглэмд хандах дургүйцлийг улам нэмэгдүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Шэн өөрөө сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгож Хятадын асуудлыг хөндөөгүй бөгөөд хот байгуулалтын шинэчлэл зэрэг асуудалд түлхүү анхаарч байгаа юм.