
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тиймээс эрх баригч МАН-ынхан Бага хурлаа маргааш хуралдуулж дараагийн Ерөнхий сайдыг тодруулахаар болсон байна. Гэхдээ энэ удаагийн Бага хурлаас гарах шийдвэр нийгэмд нэгэнт тодорхой байгаа. УИХ дахь АН-ын бүлгээс парламентын спикер, намын дарга нэг хүн байж болохгүй гэсэн шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь өнөөдрийн энэхүү улс төрийн "хөдөлгөөн"-ий гол шалтгаан. Тиймээс ч МАН-ын Бага хурлаас маргааш УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болоод байна.
Энэхүү шийдвэртэй холбогдуулсан хөдөлгөөнүүд үүгээр дуусахгүй. МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдыг тодруулах бол Н.Учралын хүлээлгэн өгөх УИХ-ын даргын албан тушаалд хэнийг сонгохоо МАН-ын бүлгээр хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашилбал сайд нарын томилгоог хэлэлцэхээр байна.