Одоогоос 41 жилийн өмнө 1984 онд тухайн үеийн ЗХУ-ын Союз сансрын хөлгөөр энэтхэг хүн анх удаа сансарт нисэж байсан түүхтэй. Энэтхэгийн хамгийн анхны сансрын нисгэгчийг Ракеш Шарма гэдэг. Тэрээр найм хоногийн сансрын уудамд өнгөрүүлсэн байдаг юм.
Энэ цаг үеэс хойш 40 гаруй жилийн дараа энэтхэг хүн дахин сансарт нисэх гэж байна. Энэтхэгийн иргэн Шубханшу Шукла ирэх долоо хоногт сансарт нисэх гэж байна. Ингэснээр сансарт аялсан Энэтхэгийн хоёр дахь сансрын нисгэгч болох юм.
Энэ сарын 10-ны өдөр АНУ-ын сансар судлалын станц НАСА-гийн Флорида дахь Кеннеди буудлаас Аксиом Спэйс компанийн Аксиом Мишн 4 буюу Акс-4 багийнхан сансарт хөөрөх гэж байна. Дөрвөн гишүүнтэй нислэгийн баг Олон улсын сансар судлалын станцтай залгагдаж, тэнд хоёр долоо хоногийн хугацааг өнгөрүүлэх юм.
Тус багт Энэтхэгийн нисэх хүчний ахмад Шубханшу Шукла багтсан байна. Ахмад Шукла сансарт ниссэн Энэтхэг улсын хоёр дахь иргэн төдийгүй Олон улсын сансар судлалын станцад ажиллах тус улсын анхны иргэн болох юм.
Акс-4 багийн гишүүдийг НАСА-ын сансар судлаач Пегги Витсон ахална. Витсон нь олон улсын сансар судлалын станцын командлагчаар хоёр ч удаа томилогдож, хэдэн зуун хоногийн сансарт өнгөрүүлж, 10 удаа задгай сансарт гарч байсан туршлагатай нисгэгч юм.
Түүнчлэн энэ багт Польшийн сансрын нисгэгч Славосз Узнански-Висневски, Унгарын Тибор Капу нар багтжээ. Польш болон Унгарын сансрын нисгэгчдийн тухайд тэд мөн л 40 гаруй жилийн дараа улсаа төлөөлөн сансарт анх удаа нисэх эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн байна.
Сансрын нисгэгчдийг тавдугаар сарын 25-ны өдрөөс тусгаарлаад байна. Тэд шаардлагатай бүх бэлтгэл сургуулилалтаа дуусгажээ.
Уг нислэгт багтах сүүлчийн шалгаруулалтад Энэтхэгийн нисэх хүчний дөрвөн офицер шалгарч үлдсэн. Тэдэн дундаас 39 настай Шукла шалгарсан байна.
Энэтхэг улсын сансрын судалгааны газар ИСРО 2027 онд бие дааж анх удаа хүн төрөлхтнийг сансарт хөөргөх аяллыг хийхээр төлөвлөж байгаа юм. Шукла хоёр жилийн дараа төлөвлөсөн уг аяллын багт ч мөн багтжээ. Тэрээр улсынхаа тэрбум гаруй иргэний хүсэл мөрөөдлийг тээж байгаа болохоор аялал амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.
Энэтхэгийн Засгийн газрын төлөвлөсөн бие дааж сансрын нисгэгчдийг хөөргөх аялал гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг дэлхийн тойрог замд оруулж, тэнд гурав хоносны дараа эргүүлэн авчрах юм. Хэрэв уг нислэг амжилттай болбол 2035 онд дахин сансрын нислэг хийж, 2040 онд саран дээр очихоор төлөвлөж байна.
Акс-4 хөтөлбөр нь Америкийн Хьюстонд байдаг Аксиом Спэйс сансрын судалгааны хувийн компанийн НАСА, ИСРО, Европын сансрын судалгааны агентлаг ЭСА нартай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл юм. Уг нислэгийг Илон Маскийн SpaceX компанийн Фалкон 9 пуужингаар Crew Dragon капсулаар хийнэ. Ахмад Шуклаг энэ нислэгт хамруулахын тулд Энэтхэгийн Засгийн газар таван тэрбум рупи буюу 60 сая ам.доллар төлжээ.