
Норвегийн хөлбөмбөгийн од Эрлинг Хааланд долдугаар сард болсон Дэлхийн аваргын дөрвөн тоглолтод долоон гоол оруулснаар сурталчилгааны самбар, цуглуулгын карт, телевизийн дэлгэцээр олны танил болсон төдийгүй сошиал орчинд алдаршсан.
Гэхдээ спортын од Эрлинг Хааландын зургийг Эквадорын цагдаа нар санаанд оромгүй газраас “олжээ”. Колумбын хил орчимд ачааны машинаас хураан авсан их хэмжээний кокайны ногоон өнгийн дөрвөлжин савлагаан дээр Норвегийн шаргал үст довтлогчийн зураг хэвлэгдсэн байжээ.
Цагдаагийн мэдээлснээр 369 килограмм кокайн хураан авах үеэр тээврийн хэрэгслийн жолоочийг баривчилсан байна. Гэхдээ Хааландын зургийг яагаад боодол дээрээ наах болсон талаараа тайлбар өгөөгүй байна.
Хар тамхины наймаачид алдартай тамирчид болон бусад олны танил хүмүүсийн нэр, дүрсийг ачаан дээрээ тэмдэг болгон ашиглах түгээмэл байдаг гэнэ. Ингэж тухайн ачааг аль гэмт хэргийн сүлжээ бэлтгэсэн болон аль үйлчлүүлэгчид зориулагдсан болохыг илэрхийлдэг аж.
Цагдаагийн мэдэгдэлд дурдсанаар, хар тамхитай тэмцэх алба мягмар гарагийн өглөө нэрээ нууцалсан мэдээлэл хүлээн авч, Пан-Америкийн хурдны зам дагуу ажиллагаа явуулж байхдаа сэжигтэй ачааны машин илрүүлжээ. Тээврийн хэрэгслийг шалгахад давхарлаж хийсэн хуурамч ёроол бүхий хэсэгт 370 ширхэг боодол кокаин нуусан байсныг илрүүлсэн байна.
Хар тамхины хууль бус наймаачдын анхаарлыг татсан цорын ганц хөлбөмбөгчин нь Хааланд биш. Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн зургийг хэвлэн наасан хар тамхи ч хураагдаж байжээ.
Эквадор нь хар тамхины хууль бус наймааны логистикийн чухал төвд тооцогддог. Тэнд хар тамхийг хуримтлуулж, хадгалан, Төв Америкийн чиглэлээр голчлон АНУ руу тээвэрлэдэг бөгөөд Европ руу ч илгээдэг.
Цагдаагийн мэдээлснээр лхагва гарагийн ажиллагааны үеэр Колумбын иргэний үнэмлэхтэй Мария Р. гэх эмэгтэйг нийслэл Кито хотоос хойд зүгт 246 километрийн зайд, Колумбын хил орчмын Тулкан хотын ойролцоох Гуагуа-Негро бүсэд баривчилжээ.
Хураан авсан хар тамхины үнэ цэнийг Эквадорын дотоодын зах зээлд ойролцоогоор 842 мянган ам.доллар, АНУ-ын зах зээлд 11 сая гаруй ам.доллар, Европын зах зээлд 19.6 сая гаруй ам.доллар буюу 17 сая евро гэж тооцоолжээ.
Эквадорт Колумб болон Мексикийн картелуудтай холбоотой орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бус тээвэрлэлтийн маршрутыг хянаж, хар тамхийг тээвэрлэдэг байна. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, тээвэрлэгдэж буй хар тамхины 80 орчим хувь нь Колумбаас, үлдсэн хэсэг нь Перугаас гаралтай аж.
Энэ оны эхний зургаан сарын хугацаанд цагдаагийн байгууллага 80 тонн хар тамхи хураан авсан байна. Харин 2025 онд бараг 215 тонн, 2024 онд 295 орчим тонн хар тамхи хураан авсан бөгөөд ихэнх нь кокайн байжээ.