
Ираны өндөр түвшний хэлэлцээч Мохаммад Багер Галибаф АНУ-тай байгуулсан тохиролцооны хүрээнд Ираны царцаасан 12 тэрбум ам.долларын хөрөнгийг суллахаар болсон гэж мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэл нь АНУ Ираны газрын тос болон нефть-химийн бүтээгдэхүүний борлуулалтад тавьсан хориг арга хэмжээг түр хугацаанд зөөлрүүлж, 8-р сарын 21 хүртэл хүчинтэй байхаар болсон тухай зарласны дараа гарч буй шийдвэр юм.
Суллагдах хөрөнгийг АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад ашиглах аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр Техраны тал олон улсын цөмийн хяналт шалгалтыг зөвшөөрөхөөр болжээ.
Ираны талын байр суурь
Ираны Төв банкны ерөнхийлөгч Абдолнасер Хеммати Техран АНУ-ын бүтээгдэхүүн заавал худалдан авах үүрэггүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр Tasnim агентлагт өгсөн ярилцлагадаа “Эхний 6 тэрбум ам.долларыг “үндсэн бараа, эм” худалдан авахад ашиглаж болно. Гэхдээ үнэ болон чанарын хувьд тохиромжтой бол АНУ-аас худалдан авалт хийхэд эсэргүүцэлгүй гэжээ. Харин үлдсэн 6 тэрбум ам.долларыг заавал үндсэн бараанд зарцуулах шаардлагагүй, хоригт ороогүй бусад бараа худалдан авах боломжтой гэж тайлбарласан байна
Хэлэлцээний дараагийн үе шат
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гариабади техникийн шатны яриа хэлэлцээ дууссан бөгөөд дараагийн шат нь өндөр түвшний хорооны хяналтад явагдана гэж мэдэгджээ. Тус хороонд Мохаммад Багер Галибаф, Аббас Арагчи, харин АНУ-ын талаас Жэй Ди Ванс багтсан байна.
Мөн дөрвөн ажлын хэсэг байгуулагдан хориг цуцлах, цөмийн асуудал, сэргээн босголт ба эдийн засгийн хөгжил, хяналт ба хэрэгжилт гэсэн асуудлуудаар хэлэлцээрээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх аж.
Бүс нутгийн нөхцөл байдал
Израил, Ливан хоёрын хоорондын хэлэлцээ Вашингтонд үргэлжилж байна. Уг хэлэлцээний зорилго нь “мөргөлдөөний мөчлөгийг бүрэн зогсоох” гэж АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан AFP агентлагт мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсгийг үргэлжлүүлэн эзэлж, Хезболлагийн дэд бүтцийг “устгана” гэж мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдал бүрэн арилаагүйг харуулж байна.