
Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү гараашны татварыг цуцлуулахаар E-zasag цахим хуудсанд иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Түүний энэхүү саналыг 100379 иргэн дэмжиж гарын үсгээ зурлаа. Тэрээр санал асуулга явуулах болсон үндэслэлдээ "Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөхийн татвар төлдөггүй. Гэтэл нэг гарааштай бол татвар төлөх хуультай.
Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө биш. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай хотод гарааш тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм.
Гарааштай байх нь түгжрэлд нөлөөтэй. Машинаа гудамж, орц гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай дээр тавихын оронд зориулалтын талбайд байрлуулна гэсэн үг. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж буй нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлах санал гаргаж байна" гэсэн юм. Энэхүү саналыг нь 100 мянган иргэн дэмжсэн учир хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдлээ.