
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Ойрхи Дорнод дахь дайны нөлөөг үл харгалзан өөр эх үүсвэрүүдийг олж чадсан тул Япон улс энэ оны 7-р сард өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил хэмжээний түүхий газрын тос импортлохоор болсон гэж мэдэгдэв.
Япон улс газрын тосны импортынхоо 90 гаруй хувийг Ойрхи Дорнодоос авдаг байсан ч нийлүүлэлтийн сүлжээгээ ихээхэн төрөлжүүлж чадсан гэж Такаичи тусгай сайд нарын хурал дээр мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, АНУ газрын тосны экспортоо арав дахин нэмэгдүүлсэн бөгөөд Япон улс бусад газрын тос үйлдвэрлэгч орнуудтай ч амжилттай хэлэлцээ хийжээ.
“Өнгөрсөн долоо хоногт Аляскаас ачилт ирсэн АНУ-аас гадна Латин Америк, Ази-Номхон далайн бүс нутаг, Төв Ази, Африк, мөн хамгийн сүүлд Канадаас импортын нийлүүлэлт баталгаажсан. Мексикээс ирэх түүхий газрын тос анх удаа 7-р сард ирэхээр төлөвлөгдсөн. Бид газрын тосны нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх чиглэлээр ахиц гаргаж байна” гэж тэр хэлжээ.
Иран улс АНУ, Израилын цохилтын хариуд дэлхийн эрчим хүчний хамгийн чухал тээврийн гарцуудын нэг болох Ормузын хоолойг бодитоор хаасан нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг хүчтэй донсолгосон юм.
Үүний улмаас байгалийн баялаг багатай Япон улсад газрын тос болон газрын тосноос хамааралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, бизнес эрхлэгчид бэх, хуванцар, эмнэлгийн хэрэгсэл зэрэг олон төрлийн барааны хомсдолд орсныг мэдээлжээ.
Хэдийгээр өөр эх үүсвэрээс хангалттай хэмжээний түүхий тос нийлүүлэх нь тодорхой хэмжээнд асуудлыг намжааж болох ч хүндрэлүүд хэвээр байна.
Японы газрын тос боловсруулах үйлдвэрүүд голчлон Ойрхи Дорнодын газрын тос боловсруулахад зориулагдсан учир өөр бүс нутгийн тосыг боловсруулахын тулд нэмэлт шинжилгээ, тоног төхөөрөмжийн өөрчлөлт шаардлагатай гэж Японы Газрын Тосны Холбоо мэдэгджээ.
Тус холбооны ерөнхийлөгч Шүничи Кито тавдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ нь нэлээд их хэмжээний ажил шаарддаг” гэж хэлээд, газрын тос боловсруулах үйлдвэр бүр тоног төхөөрөмжөө хэрхэн тохируулах талаар судалж байгаа гэж нэмжээ.
Тэрээр мөн “Одоо байгаа тоног төхөөрөмж ямар хэмжээний хольцын харьцаа болон өөр төрлийн түүхий тосны шинж чанарыг дааж чадах уу, үйлдвэрлэлийн нөхцөлд ноцтой нөлөө үзүүлэхгүйгээр хэр хол явж болох вэ гэдгийг маш нягт шалгах шаардлагатай” гэж хэлсэн байна.
Такаичи энэ амралтын өдрүүдэд Франц улсад болох Их Долоогийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европ руу айлчилна гэдгээ мэдэгдэв.
Тэрээр бусад удирдагчидтай эрчим хүчний аюулгүй байдлын ач холбогдлын талаар “Азийг төлөөлөн” хэлэлцэнэ гэжээ. Ойрхи Дорнодын мөргөлдөөний эдийн засгийн хүнд нөлөө Азид хүчтэй мэдрэгдэж байгаа юм.
Такачичи Их Долоогийн гурван өдрийн уулзалтын үеэр эрчим хүчний аюулгүй байдлын талаар гурван үндсэн зарчим дэвшүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү санаачилгаар тэрээр Японы хэрэгжүүлж буй “Эрчим хүч, нөөцийн өргөн хүрээний тогтвортой байдлын түншлэл” санаачилгад Их Долоогийн түншүүдийн дэмжлэгийг авахыг зорьж байна. Энэхүү санаачилга нь Ойрхи Дорнодын хурцадмал байдлын улмаас газрын тос худалдан авахад хүндрэлтэй байгаа Азийн орнуудад туслах зорилготой.
Мөн газрын тосны стратегийн нөөцөө нэмэгдүүлэхэд илүү олон улсыг хамтран ажиллахыг уриална гэжээ.
“Эдгээр гурван зарчмыг Их Долоогийн орнуудын манлайллаар хэрэгжүүлэх ёстой санаачилга болгон санал болгоно” гэж Такаичи пүрэв гарагийн сайд нарын хурал дээр мэдэгдсэн байна.
Тэрээр уг саналыг Францын зүүн хэсгийн Эвиан хотод болох тус уулзалтын эцсийн баримт бичигт тусгуулахыг зорьж байгаа аж.
Санал болгож буй гурван зарчим нь:
Их Долоогийн уулзалтын үеэр Япон улс Ойрхи Дорнодын газрын тос тээвэрлэлтийн гол гарц болох Ормузын хоолойгоор чөлөөтэй, аюулгүй навигаци хийхийн ач холбогдлыг баталгаажуулсан тохиролцоонд хүрэхийг зорьжээ.
Мөн экспортын хязгаарлалт гарсан тохиолдолд өөр нийлүүлэлтийн эх үүсвэрүүдийг баталгаажуулах зэрэг эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр Их Долоогийн хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна.