
“Зам тэсрэх бөмбөгтэй. Тиймээс бид энд гацсан” гэж Украины өмнөд хэсэгт байрлах галд өртсөн байшингийн дээврээс Людмила утсаар ярьжээ. Түүний амьдардаг фронтын шугамд ойр Олешки хот нь олон эх сурвалжийн мэдээлснээр хэдэн сарын турш хүнс, эмийн шинэ нийлүүлэлтээс бүрэн таслагдсан байна.
Людмила өөрийгөө тэнд гацаж, хот хэрхэн доройтож байгааг нүдээрээ харж байгаагаа өгүүлжээ.
Украины Хүний эрхийн комисс “хүмүүнлэгийн хямрал” үүссэн талаар анхааруулсан байна.
Сайн дурынхан болон тусламжийн байгууллагуудын зохион байгуулсан зарим хүнсний тусламж саяхан хүрсэн бололтой. BBC-ийн нийтэлсэн гэрэл зургууд дээр олон хүн, ихэвчлэн ахмад настнууд хотын төв талбайд шинэ хүнс авч буй нь харагджээ.
Үнэ өндөр байсан ч энэ нь багахан ч гэсэн тус болж байна гэж Людмила хэлэв. Учир нь хүмүүс хөршүүдийн орхисон байшингаас хоол хүнс хайх болсон аж. Людмила гэдэг нь түүний жинхэнэ нэр биш бөгөөд аюулгүй байдлын үүднээс нэрээ өөрчилсөн аж. Түүний хэлснээр гоймон, лаазалсан хүнс нь энд гацаж үлдсэн 2000 орчим хүний гол хэрэглээ болжээ.
Олешкиг орхих аливаа оролдлого нь “Үхлийн зам” гэж нэрлэгдэх болсон маршрутаар амь насаа дэнчин тавихтай адил гэж оршин суугчид хэлж байна.
Хотоос гарах ганц зам дагуу дэлбэрэлтэд өртөн шатсан автомашинОлешки нь газарзүй болон дайны улмаас “хоригдсон” хот болсон. Хойд хэсэгтээ Днепр мөрөн болон эвдэрсэн гүүрүүдээр тусгаарлагдсан, дотоод замууд нь аюултай эсвэл явах боломжгүй болжээ.
Хот Днепр мөрний зүүн эрэг дээр байрладаг бөгөөд ОХУ бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш эзлэгдсэн хэвээр байгаа юм.
Украин цэргүүд Днепр мөрний нөгөө эрэг дээр, 2022 оны арваннэгдүгээр сард эргүүлэн авсан Херсон хотын ойролцоо байрлаж буй.
Өнгөрсөн өвөл цас орсноор тэсрэх бөмбөгтэй бүсүүдийг харахад улам хэцүү болсон гэж оршин суугчид болон албаныхан мэдээлжээ.
Цас хайлсан ч тэсрэх бөмбөгийн аюул хэвээр байгаа нь хүмүүсийг айлгаж байна.
Аюултай ч гэсэн саяхан уг “Үхлийн зам”-аар амжилттай нүүлгэн шилжүүлэлтүүд хийгдсэн талаар товч мэдээлэл цацагдсан юм.