
Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээ хийхгүй. Тиймээс энэ сэдвийг хааж байна.
Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу ил тод, нээлттэй арилжаа явуулна. Ингэж хамгийн өндөр өртгөөр нүүрсээ экспортолно. Энэ бол ил тод, нээлттэй байх зарчим. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Гэрээ хийнэ гэж дээгүүр, доогуур гүйдэг нөхөд одоо болих хэрэгтэй. Бүх худалдаа биржээр явна" гэжээ.