
Аргентинаас Кабо Верде руу чиглэж явсан аяллын хөлөг онгоцонд хантавируст халдвар дэгдэн гурван хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэв. Хөлөг онгоц гурван долоо хоногийн өмнө Аргентинаас 150 орчим зорчигчтой хөдөлж, Атлантын далайн арлын улс болох Кейп Верде хүрэх замдаа Антарктид болон бусад газарт зогссон байна.
Өмнөд Африкийн эрүүл мэндийн албаны мэдээлснээр, аяллын MV Hondius хөлөг онгоцонд 70 настай эрэгтэй зорчигч бие нь тавгүйрхэж Гэгээн Хелена арал дээр ирэх үед нас баржээ. Удалгүй түүний эхнэр мөн өвдөж Йоханнесбург хотын эмнэлэгт нас барсан байна. Тэд Нидерландын иргэд болохыг Өмнөд Африкийн албаны хүмүүс нотлов.
Аяллын хөлөг онгоцоор зорчиж явсан иргэдээс хантавирусийн батлагдсан цорын ганц тохиолдол нь Йоханнесбург хотод эрчимт эмчилгээнд байгаа 69 настай британи иргэн юм. Мөн хөлгийн багийн хоёр гишүүнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна.
Хантавирус нь мэрэгч амьтдын ялгадаснаас агаар дуслаар дамжин хүнд халддаг. Өвчин нь томуу төст шинж тэмдгээр эхэлж, зүрх, уушгины дутагдалд хүргэж болзошгүй бөгөөд тохиолдлын 40 орчим хувь нь үхэлд хүргэдэг байна.