
Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэх зорилгоор Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна.
Ингэснээр устсан, тоо толгой нь цөөрсөн нутагт тарвага дахин нутагшин, олширч байгаа ч хууль бус ан, худалдааны улмаас тарвага хамгаалах ажилд сөргөөр нөлөөлж байна. Иймд БОУАӨЯ, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, холбогдох байгууллагууд тарваганы хууль бус ан, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байгааг мэдээлжээ.
Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглож, зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрлөөр агнах тухай заасан байдаг. Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориуд бариулах, тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог юм.
Албан бус зарим үнэлгээгээр тарваганы тоо толгой хамгийн ихдээ 1970-аад оны үед 20 сая гаруй байсан бол 2000 оноос 5 сая орчим болсон статистик байна. Үүний шалтгаан нь тарваганы мах, арьсыг ашиглах зорилгоор хууль бусаар хэт олноор агнах, амьдрах орчны доройтол, өвчин болон уур амьсгалын өөрчлөлт гэж үздэг ажээ.