
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын 36 байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг нь түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын болон Улаанбаатар хотын Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд нь Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан, Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Одоогоор хэрэгт холбогдсон гаалийн улсын 36 байцаагчийг яллагдагчаар татаж, албан үүргийг түдгэлзүүлэх, хилийн хориг тогтоох болон зарим гаалийн улсын байцаагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.