
XXI зуун бол дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, бүтээмжийн өрсөлдөөний эрин үе. Дэлхий нийтээрээ хөгжлийн хурдаа цахилгаан станц, технологийн дэвшлээрээ хэмжиж байхад Монгол Улс өвлийг “хөлдчихгүйхэн” шиг давах гэсэн ганцхан зорилготойгоор олон жилийг аргацаав. Тухайлбал, улс орны "зүрх" гэгддэг эрчим хүчний салбар өнөөдөр ямар ч нөөцгүй болж, тартагтаа тулсныг өнгөрсөн өвлүүдийн хязгаарлалт, станцууд дээр гарсан ослууд бэлхнээ гэрчилнэ.
Дулааны цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжийг жил дараалан бүрэн засварлаж, шинэчилж чадалгүй явсаар өнөөдөр ийм хэмжээнд хүрчээ. Насжилт нь хэтэрсэн станцууд ачааллаа дийлэхээ больж, хязгаарлалт л хийхээс өөр гарцгүй болсон гэдгийг салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн. Уг нь эрчим хүчний систем тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой аж. Тухайлбал, 300 МВт орчим чадлын нөөц бол аюулгүй ажиллагааны наад захын шаардлага. Гэтэл манайд ийм нөөц байтугай, аль нэг станц доголдвол тоггүй болох бодит эрсдэлтэй нөхцөлд байж буй. Үүнээс нь болж Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалтыг цэгцлэх 30 хоногийн хугацаа өгсөн. Тэгвэл түүний асуудлаа шийдэх 30 хоногийн хугацаа өнгөрсөн сарын 28-нд дуусгавар болсон билээ. Гэвч угаас сүүлийн 30 жилд шийдэгдэж чадаагүй асуудал 30 хоногт цэгцрэх ямар ч боломжгүйг Ерөнхий сайд ч, иргэд ч, Б.Чойжилсүрэн мэдэж байсан.
Тэрээр хэвлэлд мэдээлэл өгөхдөө ч хязгаарлалт хийж, хөлдөлт үүсэхээс сэргийлэхээс өөр зүйл хийж чадахгүй гэдгээ ч мэдэгдсэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
Хамгийн чухал асуудал бол чадлын дутагдалд орсон энэ цаг үед хөлдөлт үүсгэж болохгүй. Хөлдөлт үүсвэл одоо байгаагаас илүү төвөгтэй байдал үүснэ. Хоёрдугаарт, хэрэглээг хязгаарлаж явахгүй бол систем маань өөрөө тэг зогсолтод орох эрсдэл бий. Тэгвэл Улсаараа цахилгаангүй болох хүндрэл гарна. Энэ хоёр хүндрэлийг эхний ээлжид манай эрчим хүчний салбарынхан анхаарч байгаа. Тиймээс хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй.
Тэгвэл өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн “Эрчим хүчний сайдын 2026 оны 3-р сарын 2-ны өдрийн тушаалаар хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталсан тухай мэдээлэв.
Тэрээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрчим хүч түгээх сүлжээнд 111 иргэн, ААН эрчим хүч нийлүүлж байна. 76 айл өрх, 35 ААН байна. Шинэчилсэн журамд, эрчим хүч нийлүүлсэн төлбөрийг жилд нэг удаа олгож байсан бол сар тутамд олгохоор тусгасан. Хэрэглэгчид олгох төлбөрийн эх үүсвэр тодорхойгүй байсан бол Эрчим хүч түгээх сүлжээний зардалд тусгалаа.
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх зөвшөөрөл авахын дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах, холбох гэх мэт процесс 3-6 сар үргэлжилдэг байсан бол ажлын 11-28 хоногт шийдэж өгөхөөр болсон. Иргэн айл өрхийн хүсэлтийг 11 хоногт, ААН-ийн хүсэлтийг 28 хоногт шийдвэрлэнэ” гэсэн юм.
Ийнхүү дорвитой шийдэл шийдвэргүйгээр дахин нэг жилийг үдэхээр болсон эрчим хүчний салбар цаашид хэрэглэгчдийн цахилгааныг үе шаттайгаар хязгаарлахаа мэдэгдээд буй. Ийнхүү Улаанбаатар Цахилгаан Түгээх Станц ТӨХК-аас хуваарь гарган байршил бүрээр нь өдөрт 3-6 цаг хүртэлх хугацаанд цахилгаан хязгаарлах аж. Тодруулбал, цахилгаан, шугам тоноглолд засвар хийхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг долоон сарын хугацаанд үе шаттай таслахаар болсон байна. Ингэхдээ нийслэлийн иргэдийн цахилгааныг аравдугаар сарын 10-нийг хүртэл баталсан хуваарийн дагуу хязгаарлах бөгөөд засварын ажил эхлээд буйг мэдэгджээ.
Ийнхүү XXI зуунд эрчим хүчээ “таслуулахгүйхэн шиг” аргацааж, гал алдахгүй явна гэвэл хөгжил биднээс улам бүр алсрах нь тодорхой.
Монголд үйлдвэрлэлээ нэмье, барилга байгууламж барья, бизнесээ тэлж ажлын байр бий болгоё гэхээр хамгийн түрүүнд тулгардаг саад нь эрчим хүчний хүрэлцээ. Олон төсөл, үйлдвэрүүд цахилгааны техникийн нөхцөлөө авч чадалгүй гацаж, хөрөнгө оруулалт нь хүлээгдсэн байдалтай байна. Хэрэв хангалттай, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй байсан бол үйлдвэрлэл өсөж, татварын орлого нэмэгдэж, эдийн засаг тэлэх бүрэн боломжтой. Гэвч бодит байдал дээр эрчим хүчний салбарын хоцрогдол нь эдийн засгийн өсөлтийг боомилж, хөгжлийн хурдаа өөрсдөө хазаарлаж буй.
Эцэст нь, өнөөдрийг хүртэл Монголын төр засаг улсын амин чухал стратегийн төслүүдийг улс төрийн маргаан, богино настай ашиг сонирхлоор гацааж, бодитоор дэмжиж чадалгүй ирсэн нь ийнхүү үлэмж их алдагдал, алдагдсан боломжийн суурийг тавьжээ.