
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ардчилсан намаас Конгресст сонгогдож байсан Эрик Суолуэллд холбогдох бэлгийн хүчирхийллийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөрдөн шалгалтын хүрээнд түүний сонгуулийн кампанит ажилд хандив өргөж байсан тэрбумтны гэрт мягмар гарагт нэгжлэг хийсэн аж.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Калифорни мужийн Беверли-Хиллс дэх тэрбумтан Стивен Күүбекийн харшид нэгжлэг хийж, биеэ үнэлэлттэй холбоотой цахим төхөөрөмж, баримт бичгүүдийг хайсан байна. Уг ажиллагаа нь Суолуэллд холбогдох мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой аж.
Өмнө нь буюу наймдугаар сард Холбооны мөрдөх товчоо Суолуэллийн Вашингтон хот дахь гэрт нэгжлэг хийж, Сан-Францискогийн нисэх онгоцны буудалд түүний цахим төхөөрөмжүүдийг хураан авч байжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард дөрвөн эмэгтэй Суолуэллийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүсээгүй байхад нь бэлгийн агуулгатай ил задгай зураг илгээсэн зэрэг бэлгийн шинжтэй зүй бус үйлдэлд буруутгасны дараа тэрбээр Конгрессын гишүүний албан тушаалаасаа огцорч, Калифорни мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөхөө больсон юм.
Суолуэлл өөрийн гаргасан “буруу шийдвэрүүдийнхээ” төлөө уучлал хүссэн боловч өөрт нь тулгасан буруутгалуудыг няцааж, тэдгээрийн эсрэг тэмцэхээ мэдэгдсэн байна.
Нью-Йорк, Лос-Анжелес хотын хууль сахиулах байгууллагууд түүнд холбогдох бэлгийн хүчирхийллийн гэх хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлснээ зарлажээ.
Түүнчлэн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Суолуэллийг Бразил гаралтай хүүхэд асрагчийг хууль бусаар ажиллуулсан гэх мэдээллийг шалгаж үзсэнээ мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.