
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрадад Пахлеванзаде нар мэдээлэл өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТ 700 САЯ ХҮНД ХҮРНЭ
Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 1998 онд Иран улсад болж байжээ. Энэ цагаас эхлэн Азийн шатарчид дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргах болсныг онцолсон. Монгол Улсад хүрэлцэн ирсэн шатарчдын дунд их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, FIDE мастер 32, эмэгтэй FIDE мастер 17 шатарчин ирсэн нь энэ тэмцээний оролцогчдын чансааг ахиулжээ. Мөн тамирчдын тоо эрс залуужиж дундаж насны үзүүлэлт 22 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Иймээс энэ жилийн тэмцээнд өсвөр, залуучуудын ангилалд өрсөлддөг тивийн ирээдүй болсон залуу шатарчид өндөр амжилттай оролцохыг зохион байгуулагчид онцоллоо. Монгол Улсад болох тэмцээнийг шууд дамжуулалтаар 700 сая орчим хүн сонирхож үзнэ гэсэн тооцоолол гарчээ. Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан зэрэг чансаа өндөр шатарчид хүрэлцэн ирлээ.
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ТӨРИЙН ОРДОНД БОЛНО
Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Герман олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч ба Казахстаны шатрын холбооны ерөнхийлөгч, нэртэй бизнесменүүд, тэрбумтнууд манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Дэлхийд нэр хүндтэй оюуны спортын төлөөлөл ирж буй энэ үед олон улсын уулзалт, залуучуудын оролцоог хангасан тоглолт, томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна.
Монголын шатрын холбоо нь шатрын спортыг боловсролын салбарт нэвтрүүлэхээр "Сhess in Schools" хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд Дэлхийн шатрын холбоо болон Боловсролын яамтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хийнэ. Уг хурлыг "Нэг нүүдэл- Оюуны цар, нэг хүүхэд - Монголын ирээдүй" гэсэн уриан дор Төрийн ордонд зургаадугаар сарын 4-нд зохион байгуулахаар болжээ. Мөн энэ өдөр 800 хүүхэд оролцсон шатрын өдөрлөгийг төв талбайд хийнэ. Монгол Улсад насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болсон нь манай улсын шатрын спортын хөгжил болон олон улсын нэр хүндийг өндрөөр үнэлсний тод илэрхийлэл болж буйг онцолж байна. Иймээс Азийн шилдэг шатарчид болон Азийн шатрын холбооны төлөөлөл багтсан салбар хуралдаанууд болох аж.
ОХУ, ЭНЭТХЭГ, БНХАУ, ИРАН ЗЭРЭГ ОРНЫ ШИЛДЭГ ШАТАРЧИД ИРЖЭЭ
Тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг /DGT board/ ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулахаар болжээ. Энэ удаагийн тэмцээний шууд дамжуулалтыг дэлхийн сая сая шатар сонирхогчдод хүргэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн энэ үзүүлэлтээр Монгол Улсаа сурталчлан таниулах бүрэн боломж гарч байгааг зохион байгуулагчид онцлон хэллээ. Тэмцээнд эцсийн байдлаар 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчид юм. Дэлхийн чансааны ТОП-50-д багтдаг тивийн шилдгүүд хүрэлцэн ирсэн нь тэмцээний чансааг илтгэнэ. Энэтхэг, БНХАУ, Иран, Узбекистан зэрэг орноос гадна ОХУ-ын шатарчид тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нь олон улсын анхаарлыг татаж буйг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.
ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА МАРГААШ 14:00 ЦАГААС БОЛНО
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн. Хамгийн сүүлд буюу 2025 онд олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж онцгой амжилтыг гаргаж байсан юм. Манай шатарчдаас 2017 онд ИМ Ц.Батчулуун шагналт 5-р байр эзэлж, "Дэлхийн цом"-д өрсөлдөх эрхийг авч байлаа. Мөн эмэгтэй шатарчдаас 2019 онд их мастер Т.Мөнхзул хүрэл, 2023 онд олон улсын мастер, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэлийн эзэд болж байсан юм. Энэ удаа зохион байгуулагч Монгол Улсаас 80 гаруй шатарчин оролцож байгаа. Тэдний дунд өсвөр, залуучуудын дэлхийн медальтнууд болон тивийн тэмцээнд тогтмол өндөр амжилт гаргаж буй их мастер, олон улсын мастер цолтнууд өрсөлдөж буйг зохион байгуулах хорооноос мэдээллээ. Өнөөдөр техникийн зөвлөгөө болон зохион байгуулах хорооны гол хурлууд болж байна.
Тэмцээний хуваарийн дагуу маргааш нээлтийн ажиллагааг 14:00 цагаас “Баянгол” зочид буудлын хурлын танхимд хийхээр болсон байна. Тэмцээн 10 өдрийн турш үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөнө.