
Өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 16:00 цагийн үед зэвсэгтэй этгээд АНУ-ын Браун их сургуулийн хотхонд халдлага үйлджээ. Уг халдлагын үеэр хоёр оюутан амь эрсдэж, есөн хүн гэмтэж шархадсан байна. Зэвсэгт халдлагатай холбоотой байж болзошгүй сэжигтнийг баривчлан саатуулжээ.
Браун их сургуулийн хотхоны зүүн жигүүрт байдаг Барус болон Холли инженерийн сургуулийн барилгад халдлага гарсан. Зэвсэгт этгээд оюутнуудын шалгалтаа өгч байгаа үед нэвтэрсэн байна. Уг инженерийн сургууль нь долоон давхар, 117 лабораторитой, гурван лекцийн танхим, хэдэн арван ангитай ажээ.
Халдлага үйлдэхдээ сэжигтэн профессорын хичээл тоймлож байсан анги руу орж ямар нэг зүйл хашхиран, буудаж эхэлсэн байна.
Цагдаа нар хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн баривчилсэн этгээд нь 24 настай. Висконсинд амьдардаг Бенжамин Эриксон гэгч этгээд болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Уг этгээд нь Rhode Island мужийн Ковентрийн зочид буудалд байрлаж байжээ. Өрөөнөөс нь Глок загварын гар буу болон дамартай гар буу олдсон байна.
Уг этгээдийг хяналтын камерын бичлэгээс олсон бөгөөд халдлага болсон хэргийн газарт хар өнгийн хувцастай явж байжээ. Хяналтын камерын бичлэг дээр сэжигтний царай болон зэвсэгтэй байгаа нь харагдаагүй ч цагдаа нар одоогоор өөр сэжигтнийг илрүүлээгүй гэж мэдэгдээд байна.
Халдлагын дараа Браун их сургууль, хичээл, шалгалтуудаа түр хугацаанд завсарлалаа. Мөн амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж лаа асааж, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.
Браун нь Rhode Island мужийн нийслэл Провиденс хотод байдаг. 11 мянга гаруй оюутантай. Бостон хотоос 80 км орчим зайтай байдаг аж.
Он гарснаас хойш энэ удаагийн Браун их сургуулийн халдлагыг оролцуулаад АНУ-ын хэмжээнд нийт 389 удаа галт зэвсгээр олон тооны хүний амийг хохироосон халдлага гарлаа. Халдлага тус бүрийн үеэр дөрөв болон түүнээс дээш хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.