
"Милан -Кортина 2026" өвлийн олимпын наадмыг Норвеги улсын баг 17 алт, 10, мөнгө, 10 хүрэл медальтай тэргүүлсэн хэвээр байгаа бол Алиса Льюн ачаар АНУ-ын баг 10 алттай Италийн урд орж ирлээ. Жагсаалтын дөрөвт Нидерланд байгаа бол Герман, Франц, Швейцар, Швед, Австри эхний 9-д бичигдлээ. Мөн Ази тивийн төлөөлөл Япон улсын баг 5 алт, 7 мөнгө, 12 хүрэл медальтайгаар 10-т, БНХАУ 4 алт, 3 мөнгө, 5 хүрэлтэй, БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэлтэйгээр 12-13-р байрт жагсаж байна. Харин Казахстан улсын баг 1 алттай 19-д, Бeлги нэг хүрэлтэйгээр медаль хүртсэн орны 28-д бичигдэж байна. 93 орноос 28 орон ямар нэгэн медаль хүртжээ.
УРАН ГУЛГАЛТААР АНУ-ЫН БАГ ИЛҮҮРХЭЖ, ЯПОНЫ ГУРВАЛ УДААЛАВ
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл хамгийн их анхаарал татаж байв. ОХУ-ын Аделия Петросян богино үзүүлбэрт тавдугаар байрт эрэмбэлэгдсэн учир Японы гурав, АНУ-ын хоёр уран гулгагч дунд медалийн төлөөх гол өрсөлдөөн өрнөх нь ойлгомжтой болсон юм. Гэтэл эцсийн үр дүнд Бээжингийн олимпод оролцсон 2025 оны дэлхийн аварга Алиса Лью үзүүлбэрээ алдаагүй гүйцэтгэж чадсанаар олимпын аварга боллоо. Түүний хувьд богино үзүүлбэрийн дараа гуравт эрэмбэлэгдсэн боловч чөлөөтөд өөрийнхөөрөө гулгаж хамгийн өндөр үнэлгээг авч чадсан. Олимпын аварга цолыг хүртээд зодог тайлах байсан дэлхийн гурван удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Каори Сакамото мөнгө, 17 настай Ами Накаи хүрэл медаль хүртлээ.
СКИМОГИЙН АНХНЫ ОЛИМПЫН АВАРГА ТОДРОВ
"Милан Кортина 2026" Өвлийн олимпын XXV наадмын хөтөлбөрт шинээр орсон спортын төрлийн нэг бол ski mountaineering (скимо) буюу цана-уулын спортын холимог төрөл байсан юм. Энэ төрөл өвлийн спортын наадамд анх удаа багтсан учраас олны анхааралд байлаа. Уул руу өгсөж гүйхдээ цанаа үүрч уруудахдаа цанаараа гулгах энэ төрөл нь олимпын хөтөлбөрт ортлоо хөгжжээ. Скимогийн эмэгтэй спринтэд Швейцарийн Марианн Фаттон, эрэгтэйд Испанийн Ориаль Кардона нар түрүүлж олимпын анхны аварга боллоо. Харин энэ төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд төвийг сахисан дор оролцож буй ОХУ-ын Никита Филиппов мөнгөн медаль хүртсэн нь энэ наадмын онцлох агшин байв. Энэ медаль ОХУ-ын багийн энэ олимпын анхны медаль боллоо.

ХААЛТЫН ӨМНӨХ ӨДӨР
"Милан Кортина 2026" өвлийн олимпын наадмын хаалт Вeрина хотод маргааш болно. Алдарт Уильям Шекспирийн Ромео, Жульеттагаар алдаршсан энэ нутагт хаалтын арга хэмжээг хийх болсон нь зохион байгуулагчдын онцлох шийдэл байжээ. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь гладиаторуудын тулааныг зохион байгуулснаараа түүхэнд бичигдсэн байдаг. Харин хаалтын өмнөх өдөр буюу өнөөдөр уулын цана, гүйлтийн цана, хоккей, бобслей, биатлон, тэшүүрийн зарим төрлийн уралдаан болно. Өнөөдрийн уралдааны дараа тэргүүлэгч Норвеги улс алтаа нэмэх үү эсвэл хоёрт яваа АНУ-ын алт 11-д хүрэх үү, эсвэл зохион байгуулагч италичууд дэд байр руу дэвшиж чадахыг харах үлдлээ.