
Зимбабвегийн Кариба нуурт хэт олон зорчигч тээвэрлэж явсан гатлага онгоц хөмөрсний улмаас 18 хүүхэд багтсан 70 гаруй хүн амиа алдсан осол болжээ.
Гатлага онгоц мягмар гарагт хүчтэй давлагааны үеэр хөмөрснөөс үүдсэн уг ослоор ажилласан аврагчид дахин 26 хүний цогцсыг гаргаж авснаар амиа алдсан хүний тоо 72-т хүрчээ.
Хуучирсан гатлага онгоц Кариба хотоос тус улсын баруун хойд хэсэгт орших хөдөө орон нутаг болон загас агнуурын сууринууд руу зорчиж байсан аж. Тус бүсэд авто замын нөхцөл муу, нийтийн тээврийн үйлчилгээ хомс байдаг аж. Онгоцонд яг хэдэн хүн зорчиж байсан, одоогоор хэд нь сураггүй байгаа талаар эрх баригчид мэдээлээгүй байна.
Зарим тооцоогоор онгоцонд 153 хүртэл хүн зорчиж явсан байж болзошгүй гэнэ. Харин эрх баригчдын мэдээлснээр гатлага онгоцны багтаамж 90 хүнийх байжээ. Зимбабвегийн Гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр 77 хүнийг аварсан байна.
Тасалбар авах насанд хүрээгүй хүүхдүүдийг зорчигчдын тооцоонд оруулаагүй учир эхэндээ онгоцонд хэдэн хүүхэд зорчиж явсан нь тодорхойгүй байжээ. Харин цагдаагийн байгууллага хожим гаргасан жагсаалтад ослоор амиа алдсан хүүхдүүдийн 16 нь 10 болон түүнээс доош насныхан, хамгийн бага нь ердөө 1 настай байсан гэж мэдээлсэн.
Кариба нуур нь усны эзлэхүүнээрээ дэлхийн хамгийн том хиймэл нуурт тооцогддог. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр хүчирхэг Замбези мөрөнд далан байгуулснаар үүссэн уг нуурын урт 200 гаруй километр, зарим хэсэгтээ өргөн нь 40 километр хүрдэг.
Зимбабве болон Замби улс Кариба нуурыг хуваалцдаг бөгөөд хоёр улсын хил нуурын дундуур дайран өнгөрдөг байна.