
Дэлхийн хамгийн том, олон улсын ном, хэвлэлийн арга хэмжээнүүдийн нэг болох 78 дахь "Франкфуртын номын яармаг 2026" нь Германы Франкфурт хотноо албан ёсоор эхэллээ. Энэ жилийн яармаг аравдугаар сарын 7–11-нд үргэлжилж, дэлхийн ном хэвлэлийн салбарын мэргэжилтнүүд, зохиолч, редактор, хэвлэн нийтлэгч, орчуулагч болон уншигчдыг нэг дор цуглуулж байна.
Яармагийг зөвхөн шинэ ном танилцуулах талбар бус, номын эрх худалдах, орчуулга, аудио ном, кино болон цувралын бүтээлд дасан зохицуулах, хиймэл оюун ухааны нөлөө зэрэг хэвлэлийн салбарын ирээдүйн асуудлыг хэлэлцдэг олон улсын томоохон форум болгон өргөжүүлжээ.
Энэ жилийн хөтөлбөрт "Jill Lepore", "Colson Whitehead", "Jenny Erpenbeck", "Volker Schlöndorff" зэрэг утга зохиол, кино, судалгааны салбарын нэр хүндтэй зочид оролцож байна. Мөн аравдугаар сарын 8-нд Нобелийн утга зохиолын шагналын эзнийг зарлах нь энэ жилийн яармагийн бас нэгэн онцгой үйл явдал болж байна.
Энэ жилийн Франкфуртын номын яармагийн хүндэт зочин орон нь Чех улс бөгөөд “A Country on the Coast” буюу “Далайн эрэг дээрх орон” уриан дор оролцож байгаа аж.
Чех улс яармагт 75 зохиолчийн бүрэлдэхүүнтэй оролцож, 2 300 ам метр талбай бүхий павильондоо уран зохиол, технологи, хиймэл оюун ухааныг хослуулсан сонирхолтой хөтөлбөр танилцуулжээ. Түүнчлэн энэ жил хүүхэд, залуучуудын номын ирээдүй, номоос кино болон телевизийн цуврал бүтээх үйл явц, комикс, манга, график роман, аудио контент зэрэг шинэ хэлбэрүүдэд онцгой анхаарал хандуулж байна.