
Энэ оны тавдугаар сард нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн орлого, зохицуулалтыг хянах боломж бүрдсэн. “Улаанбаатар смарт карт”-аас төвлөрөх орлого 2024 оны эхний таван сарын байдлаар 13 тэрбум төгрөг байсан бол энэ тоо жилийн дараа буюу 2025 эхний таван сарын байдлаар 16.1 тэрбум төгрөг болж өсчээ.
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2024 оны эхний таван сарын байдлаар 13 тэрбум гаруй төгрөг байсан бол 2025 оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум гаруй төгрөг бүрдсэн үзүүлэлттэй байна. Хэдийгээр дээрх бүх тоо өөдрөг агаад өссөн үзүүлэлт харуулж байвч бодит байдал тэс өөр. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 компани 2025 оны 1-р сард 4.3 тэрбум хүртэлх төгрөгийн ТАТААС төсвөөс авчээ.
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд төрөөс санхүүжилт авч, санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг жишиг тогтоод удаж буй. Өөрөөр хэлбэл, автобусаар үнэгүй зорчдог буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор, цагдаагийн алба хаагч, ТҮК-ийн ажилтан зэрэг хүмүүсийн нийтийн тээврээр зорчсон төлбөрийг төрөөс дааж, автобус компаниудад олгодог гэж тайлбарладаг ч “төрийн өмчит байгууллагад олгох татаас”-ийнх нь хэмжээ жилээс жилд өссөөр ирсэн. Тодруулбал, 2017 онд автобус компаниудад 53.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 гаруй тэрбум төгрөгт хүрч нэмэгджээ. Энэ тоог “Шилэн данс”-ны мэдээлэл дээр үндэслэн танилцуулъя.
2025 оны нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч доорх компаниуд сургуулийн автобус, орлого зарлагын зөрүүгийн санхүүжилт, нөхөн олговор нэрээр
1. "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ - 4.3 тэрбум төгрөг
2. "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ - 3.6 тэрбум төгрөг
3. "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ - 3 тэрбум төгрөг
4. "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ - 2.8 тэрбум төгрөг
5. "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ - 2.6 тэрбум төгрөг
6. "Эрдэмтранс" ХХК - 2.1 тэрбум төгрөг
7. "Сутайнбуянт" ХХК - 1.7 тэрбум төгрөг
8. "Трансбус" ХХК - 1.6 тэрбум төгрөг
9. "Автотерминал трейд" ХХК - 993 сая төгрөг
10. "ЭМСИД" ХХК - 984 сая төгрөг
11. "Блюбус" ХХК - 800 сая төгрөг
12. "Автобус нэгдэл" ХХК - 585 сая төгрөг
13. "ГБУС" ХХК - 549 сая төгрөг
14. "Эс энд Эй транс" ХХК - 528.6 сая төгрөг
15. "ДЮЦ" ХХК - 512 сая төгрөг
16. "Мяралзаа" ХХК - 477 сая төгрөг
17. "Сайхан ирээдүй" ХХК - 119.9 сая төгрөг
18. "Үнэгтийн уул" ХХК - 104.9 сая төгрөгийн татаасыг тус тус авчээ.
Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын шилэн дансны мэдээлэлд дурдсанаар 2024 онд нийтийн тээврийн нийт зардал ₮321.6 тэрбумд хүрсэн бөгөөд үүний ₮289.4 тэрбум буюу 90 хувийг төсвийн татаас эзэлжээ.
Эдийн засгийн бодлого, судалгааны “Think Mongol” институтын судласнаар “2025 оны 7 сарын байдлаар давхардсан тоогоор 91.2 сая хүн нийтийн тээврээр зорчиж, 30.6 тэрбумын орлого олсон байна. Энэ нь дунджаар иргэд 1 удаа зорчихдоо 336 төлж байна гэсэн үг юм. 2024 онд 321.6 тэрбумын зардлаар 147.8 сая хүн тээвэрлэсэн нь нэг хүнд ногдох дундаж зардал ₮2,252 байгааг харуулж байна”.
Татаасын хэмжээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр иргэдэд хүртээмжтэй, аюулгүй нийтийн тээвэртэй болсон уу гэвэл үгүй. Түгжрэл буурсан уу гэвэл бүр үгүй. Харин ч нийслэлийн нийтийн тээврийн салбар чанаргүй, үр ашиггүй үйлчилгээнд татаас нэрээр үр ашиггүй хөрөнгө мөнгө зарсаар байгаа үр ашиггүй ажиллагааг илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ асуудлаа нухацтай хэлэлцэж, даруй арга хэмжээ авахгүй бол нийслэлийн төсөвт ирэх дарамт нь жилээс жилд нэмэгдэх төлөвтэй байна.