Хөр цастай хөхөө өвлийн асуудлууд нийслэлчүүдийн хаяанд тулж ирлээ. Халтиргаа гулгаа үүсэж, авто замын хөдөлгөөний нөхцөл байдал улаан, саарлаар зурайж, автобусны буудал дээр дотогшоо жиндэж, хүйтэн “амбаар”-т хөл даарч, таг түгжрэлтэй замаар сонголтгүй зорчдог цаг үеийг бодоход л зүрх халшрам. Цахилгаан тасарч, утаа униартаж, хүүхэд багачууд өвдөж хүндхэн өвлийг нийслэлчүүд үддэг. Хүн ам нэмэгдэж, хот хүрээгээ тэлснээр хүртээмжийн асуудал ч тулгамдаж байгаа. Тэгвэл хүнд асуудлууд хаяанд тулахтай зэрэгцэн эдгээрийг шийдвэрлэх бодлого шийдэл, бүтээн байгуулалтын ажлууд нийслэлд хэрхэн өрнөж байгааг тольдлоо. Атал бүх зүйл нь бүтэхгүй мэт бодогдож, зугтмаар санагддаг “бүрэнхий” хотод бүгээн дулаан гэрэл нэмжээ.
Хөл дааруулдаг автобус хөлс гаргаж, буудал дээр “бүхээгт” бүлээцэж, нэг чиглэл нэлээд замын сонголттой болж, гэмт хэрэг, зөрчил ч камерт бичигддэг болж. Гэр хорооллынхон дахин төлөвлөлтөд хамрагдаж, газар байшингаа орон сууцаар сольж, утааны “үйлдвэрлэлээс” нэжгээд өрх хасагдсаар байна. Цахилгаан станцаа барьж, цаг хугацаа хэмнэж хороо дүүргүүдэд ажил хариуцуулж байна. Хахир хүйтэн үүр цүүрээр зам цэвэрлэх ажилчид шинэ техник хэрэгсэлтэй болж, цалин ахуй хангамж нь нэмэгдсэнээр бүл хүчтэй ч болж. Энэ мэт олон өөрчлөлт шинэчлэлт, менежмент, хөгжлийн гол тулгуур багана дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэрэгжсэн хугацаа даруй сүүлийн хоёр жил.
АЖИЛ “БУЦАЛСАН” ХОЁР ЖИЛ
10 жилийн дунджаас 10 дахин урт зам
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 137.1 км авто замыг шинэчилжээ. Энэ нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам барьсан байна. Харин 2025 онд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдэгдээд байгаа. Мөн энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө дагуух хуучирч элэгдсэн явган хүний замыг 10 гаруй байршилд шинэчилж байгаа аж.
Түүнчлэн Таван шар, Геологийн төв лаборатори, “Хермес” төвийн орчимд төмөр замыг авто замаас салгасан нүхэн гарц хийж байгаа юм.
Авто замын бүтээн байгуулалтын нэг жишээ нь, өдгөөгөөс нэг жилийн өмнө ашиглалтад оруулсан Наадамчдын гудамжаас Эрчим хүчний гудамжийг холбосон зургаан эгнээ 2.8 км зам, гүүрэн байгууламж. Уг авто замыг ашиглалтад оруулснаар ойролцоо оршин суудаг, байрладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарсныг сонирхлоо.
Хан-Уул дүүргийн III хорооны оршин суугч Н.Энэбиш
Өмнө нь энэ хэсэг төв замтайгаа холбогдоогүй учраас ажил, сургуульд явахад хэцүү байсан. Замын хажуугийн хэсгээр явган хүний зам тавина гэсэн. Ойрхондоо энэ хавьд автобусны буудалтай болчихвол болоод л явчихна. Энэ замыг их хурдан барьсан. Сүүлийн үед энд тэндгүй л зам, гүүр барьж байгаа харагддаг шүү. Манай энэ замыг шууд Нэгдүгээр хороолол руу холбоно гэсэн. Гурвалжингийн гүүр рүү ч холбох ажил хийж байна лээ. Удахгүй ашиглалтад орчихвол бүр сайхан болно доо.
Баянзүрх дүүргийн XI хорооны оршин суугч Б.Лхагвасүрэн
Зам дагаж хөгжил гэж үнэн юм. Бидний нэрлэдгээр Станцын замыг барьснаар дэлгүүрээсээ гараад л такси барьж байна. Өмнө нь замгүй учраас дуудлагын такси ч ирдэггүй байсан. Дэлгүүр ажиллуулж байгаа хүмүүст хүргэлт удаашрах гээд хүндрэлтэй асуудлууд байсан. Ер нь олон зам засаж, шинэчилж байгаа нь анзаарагдаж байгаа. Энэ орчимд улсын цэцэрлэг барьж байна лээ. Ер нь манай Баянзүрх дүүрэгт ч мэр сэр ажлууд хийгээд л байна. Энэ нь хүмүүсийн амьдралд ч сайнаар нөлөөлж байгаа.

Эрчим хүчний оч
Эрчим хүчний хомсдолд орж, гал алдах дөхсөн нийслэлчүүдийн хувьд нэн таатай үйл явдал болсон нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Өнгөрсөн онд Бөөрөлжүүтийн 150 МВт-ын хүчин чадалтай эхний блокийг ашиглалтад оруулсан бол мөн хоёрдугаар блокийн барилга угсралтын ажлыг амжилттай үргэлжлүүлж, ирэх арванхоёрдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нийслэл анх удаа дотооддоо бонд босгож, энэхүү цахилгаан станцад хөрөнгө оруулсан байна. Ийнхүү нийслэл хот урд өмнө байгаагүйгээр эрчим хүчний төслүүдэд анхаарсны жишээ үүгээр дуусахгүй.
Багануурын 50 МВт батарей станцыг долоохон сарын хугацаанд барьж чадсан. Энэ станц нь байгальд ээлтэй буюу шөнийн цагаар эрчим хүчийг хуримтлуулж оройн оргил ачааллын үеэр түгээдэг шинэлэг технологитой.
Түүнчлэн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг 10 байршилд барих, орон сууцны төслүүдийг дагасан станц барих, цаашлаад 42 жил зөвхөн цаасан дээр хэрэгжсэн ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг шалгаруулахад тун ойрхон ирснийг албаныхан хэлж буй.

Wifi-тай, цэнэглэгчтэй автобус
Дуулиантай “ногоон автобус”-ны оронд захиалсан “Yutong” автобуснууд жинхэнэ утгаараа нийтийн тээврийн шинэчлэл болсон гэхэд хилсдэхгүй. Автобус дулаахан, тохилог тухтайгаас гадна төрөл бүрийн төлбөрийн системтэй, зурагтаар улс орон болоод хотын шинэ содон мэдээллийг хүргэж байгаа. Бүр WIFI буюу утасгүй интернэттэй холбохоос гадна утсаа цэнэглэх нөхцөлийг ч бүрдүүлсэн харагддаг. Хоёрхон жилийн өмнө бид автобусанд утсаа цэнэглэх нь бүү хэл “хүйтэн хонгилд” хөлдөхөөсөө өмнө харихын хүслэн болдог байсан нь үнэн билээ.
Үерийг аюулгүй давах нь
Зөвхөн өвөл гэлтгүй дулааны улиралд ч нийслэлд асуудал их бий. Үерийн байгууламж дутмаг, төлөвлөлтгүй орон сууц барилгууд, голын голдиролыг эвдэж, сүйтгэсэн зэрэг олон шалтгаанаас үерийн аюул нүүрлэх болсон. Тиймээс хотын борооны ус зайлуулах шугам сүлжээг шинэчилж, ус ихээр тогтдог 25 байршилд шинээр шугам сүлжээ угсарч байна. Хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар дамжуулдаг Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11 Г, Д магистрал шугамыг 41 жилийн дараа мөн шинэчилжээ.
Төвлөрсөн эрх мэдлийг задалж эхлэв
Зөвхөн нийслэлд нийтийн аж ахуйн данхар эрх мэдэл төвлөрөх бус хороо, дүүрэгт ажил хариуцуулж, эрх мэдэл олгох тогтолцоонд шилжиж эхэлж байна. Ингэснээр тухайн дүүрэг хороонд тулгамдсан асуудал болоод хийх ажлуудыг цаг хугацаа алдахгүйгээр хэрэгжүүлж, шийдвэрлэх боломж бүрдэх гэнэ. Нэг жишээ дурдахад, хотын дарга нийслэлийн хороо, дүүргийн 204 Засаг даргатай улирал тутам уулзалт хийж, асуудлыг төвөг чирэгдэлгүйгээр шийдвэрлэх арга зам, шийдлийн талаарх тэдний санал бодлыг сонсож байгаа аж. Ингэхдээ хороо бүрд 50 сая төгрөг олгож, бүтээн байгуулалт хийх шаардлагыг тавьж. Энэ нь нэг талаар хороодод эрх мэдэл олговол хэрхэн ажил хэрэгч хандах, асуудлаа оновчтой шийдвэрлэж байгаа эсэхийг хянаж шалгах, цаашлаад сургах үйл явц гэж харагдаж буй.
Хан-Уул дүүргийн XXI хорооны Засаг дарга Б.Байгалмаа
Ер нь хорооныхон хүмүүсийн асуудлыг сонсож уламжилдаг, ямар ч эрх мэдэлгүй, дамжуулагч шиг ажилладаг. Тэгвэл 20 минутын хот концепцын хүрээнд хороо, дүүрэгт нийтийн аж ахуйн ажлыг шилжүүлж, эрх мэдэл олгож эхэлж байна. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, нохой устгалын ажлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд хариуцаж эхэлснээр мэдээллийн дагуу тэнэмэл нохойг шуурхай устгадаг боллоо. Өмнө нь бид дүүрэг рүүгээ албан бичиг явуулж, нийслэлээс хөрөнгийг шийдвэрлэснээр нохой устгалынхан ирдэг байсан. Гэтэл амьд амьтан хэд хоногийн хугацаанд юу гээд л нэг байршилдаа байх вэ дээ. Энэ хооронд хүмүүс рүү дайрсан, сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд айсан гэх гомдлууд ирсээр л байдаг. Энэ мэтчилэн нийтийн аж ахуйн ажлуудад цаг хугацаа их алддаг байсныг өөрчилж байна.Түүнчлэн өнгөрсөн хавар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хорооны Засаг дарга нартай уулзахдаа тулгамдсан жижиг асуудлуудаа шийдвэрлэ гэж 50 сая төгрөг олгохоор болсон. Манай хороо 50 сая төгрөгөөр хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Хүн ам ихсэхийн хэрээр тоглоомын талбайн хүрэлцээ хангалтгүй учир хүсэлт их ирдэг байсан.
Ухаалаг камерын нөлөө
Нийслэлийн хэмжээнд 176 уулзвар гарцад 2606 ухаалаг камер суурилуулж, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх ажилд онцгой нөлөө үзүүлж байгааг "Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байна. Хотод буй бүх камер дүүргүүдийн Камерын хяналтын нэгдсэн төв, цаашлаад нийслэлийн Камерын хяналтын нэгдсэн төвд мэдээлэл нэгтгэгддэг хяналтын цогц системийг бий болгож байгаа аж.
ТҮК-ийнхний цалинг 1000 ам.долларт хүргэв
Бүтээн байгуулалт гэхээр зөвхөн барилга орон сууц, зам талбай зэргээр төсөөлөх нь бий. Гэвч тэдгээрийг өнгөтэй өөдтэй байлгах ажилчдын техник хэрэгсэл, ахуй нөхцөлийг сайжруулах нь ч бүтээн байгуулалтад оруулж буй үнэтэй хувь нэмэр. Үүний жишээ ТҮК-ийнхний цалин. Хотын даргын “ТҮК-ийнхний цалинг 1000 ам.долларт хүргэнэ” гэх яриаг анх сонсоход үлгэр гэж бодсон нь олонх биз. Гэтэл одоогийн байдлаар хот тохижилт үйлчилгээний ажилчдын цалин 1000 ам.долларт хүрчээ. Мөн нийслэлээс энэ онд л гэхэд 301 тусгай зориулалтын буюу цас шүүрддэг, зам цэвэрлэдэг зэрэг машин техникийг шинээр худалдан авч, дүүргүүд, тохижилт үйлчилгээний газруудад нь нийлүүлсэн байна. Хэн бүхэн хийхээс цааргалж, зугтдаг байсан хот тохижилт үйлчилгээний салбарынхан шижигнэсэн залуусаар бүл нэмэхэд цалин хангамж, ажиллах орчин нөхцөл, техник хэрэгсэл ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй.
Бүтээн байгуулалтын суурь газар чөлөөлөлт
Сүүлийн хоёр жилд газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар хэлэв. Энэ хичээлийн жилийн бэлтгэл болгож 22 байршилд сургууль, цэцэрлэг барих газар чөлөөлжээ. Ингэснээр энэ онд 16 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад оруулж 16 мянга орчим хүүхдийг сургууль, цэцэрлэгт явах боломж бүрдүүлсэн байна. Мөн “Сэлбэ” дэд төвийн төслийн хүрээнд 2206 нэгж талбар чөлөөлсөн нь өмнө нь хийж байгаагүй хамгийн том газар чөлөөлөлт болжээ. Энэ нь газар чөлөөлөхдөө иргэдийг хохироож, хүлээлтэд оруулдаг өмнөх тогтолцоог эвдсэн гэж хэлж болно. Олон жил нийслэлийн, төрийн өмчийг үнэгүйдүүлж ашигласан, ужгирсан “хэргүүд”-ийг илрүүлсэн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа ярьсан юм.
Жишээ дурдахад, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв буюу Хатанбаатарын эмнэлэг, “Нарны титэм”, “Сарны титэм”, Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид буцаан авчээ. 3, 4 дүгээр хороололд, нийслэлийн өмчийг түрээсэлж, сард 20 сая төгрөгийн орлого олдог ч үүнийг хоёр сая төгрөг хэмээн мэдүүлэн таван жил болсон “Гар утас худалдааны төв”-ийн газрыг ч нийслэл өмчдөө эргүүлэн авсан байна. Үүнээс гадна “Ард” кино театрын урд талын ногоон байгууламжийн газрыг буцаан авчээ. Ингэхдээ иргэдэд зориулж ногоон байгууламж, тоглоомын талбай, орон сууц барих “нийтийн эрх ашиг”-ийн төлөө газар чөлөөлж байгааг албаныхан онцолж буй.
ДАРГЫГ ДҮГНЭХ ЭРТ Ч...
Ийн нийслэл ажил “буцалсан” хоёр оныг үдэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хотын дарга Х.Нямбаатарын үүрэгт ажлаа хүлээн авснаас хойшхи хугацаа. Хотын даргыг хүн бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэх нь бий. Энэ утгаараа улстөрчийн хувьд эерэг ч, сөрөг ч рейтинг өндөртэй. Нийслэлд байх бүхий л асуудалд хотын даргын нэр яригддаг жишиг Х.Нямбаатарыг тойроогүй. Харин тэрбээр жижиг, том гэлтгүй бүх асуудалд гар бие оролцож, хэрэлдэхдээ хэрэлдэж, загнахдаа загнаж, эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзэх гэж зүтгэдэг аж ахуйч, амбицтай байдлаараа өмнөх удирдлагуудаас ялгаатай байж мэднэ. Энэ байдлаараа хотод хийхээр төлөвлөсөн ажлууд нь эхнээсээ үр дүнгээ өгч, олон жил гацсан томоохон төслүүд түүний гэж нэрлэж болох энэ цаг үед эрчимтэй урагшилж байна. Гэхдээ түүнийг бүрэн дүүрэн дүгнэх цаг эрт. Хэрэгжүүлэхээр эхлүүлсэн 24 мега төсөл нь хүлээж байгаа.

НИЙСЛЭЛИЙН 24 МЕГА ТӨСӨЛ
Хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдсэн, ирж явдаг иргэдтэй нийлээд хоёр сая гаруй ам бүлтэй энэ хотын асуудлын гол цөм нь түгжрэл, агаарын бохирдол хоёр. Бид нийтлэлийн эхэнд хоёр том асуудлаас үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэх мега төслийн дэргэд аар саар гэж болох ажлуудыг цухас дурдсан. Тэгвэл энд 2024-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хөгжлийн 24 мега төслийн талаар өгүүлэх гэж байна. Энэ төслүүд хэрэгжсэнээр, цаасан дээр бус ажил хэрэг болсноор Улаанбаатар хотын, иргэдийн өмнө тулгамдсан жинхэнэ асуудал агаарын бохирдлыг ч, түгжрэлийг ч шийдэх боломжтой гэдгийг албаныхан хэлж буй.
Мега төсөл гэдэг нь энгийнээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, эдийн засаг, нийгэмд нөлөө үзүүлэхүйц үндэсний буюу олон улсын хэмжээний томоохон төсөл юм. Зүйрлэбэл, Оюутолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам шиг эдийн засаг, нийгэмдээ тодорхой нөлөөгөө үзүүлдэг гэж ойлгож болно. Мега төслийн хувьд 24 гэдэг бол маш их тоо. Улсын хэмжээнд бодоход ч том хэмжээний төслүүд хэрэгждэг нь хэд билээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай 24 мега төслөөс 13 нь хэдийнэ хэрэгжих шатандаа хүрч байгааг өнгөрсөн наймдугаар сард цахим хуудсаараа мэдээлжээ.
Улаанбаатар хотоос
Түгжрэлийг бууруулах чиглэлээр Метро, Туулын хурдны зам, Трамвай, Тойрог зам, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Олон түвшний уулзвар, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT, Тусгай замын автобус BRT, Өөдөө тэмүүлэх гүүр гэсэн 10 мега төсөл,
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ТЭЦ-5, Хийн станц зэрэг тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл гэсэн 6 төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн Лаг шатаах үйлдвэр, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Хүннү хот, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Туул усан цогцолбор, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Баруун далай орд, Олон улсын зочид буудал гэсэн 8 төслийг “Бусад төсөл” хэмээн ангилан 24 мега төсөлдөө багтаасан байна.
Тэгвэл эдгээр төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаарх албаны эх сурвалжийн мэдээллийг хүргэе.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал
Улаанбаатар хотод хөгжлийн 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд эхнээсээ ТЭЗҮ батлагдан, зарим төслийн барилга угсралтын ажил эхэлсэн. Эдгээр мега төслийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл юу вэ гэдэгт эхлээд товч хариулт өгье.Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий гуравдугаар төлөвлөгөөг 50 орчим жилийн өмнө баталсан. Тухайн үед авто замын сүлжээний үндсэн даацыг 84000 машин байхаар тодорхойлсон байдаг. Үүнээс хойш авто замын сүлжээг тодорхой хувиар нэмэгдүүлсэн ч, хүн амын суурьшил эрс өсөж, үүнийг дагаад дэд бүтцийн хувьд хангалтгүй байдалд хүрсэн. Нийслэлд 2024 оны байдлаар 650 мянган автомашин хөдөлгөөнд оролцож, өдөрт 1.8 сая зорчилт хийгддэг тухай судалгаа гарсан. Тиймээс бид бодлогын суурьтай дэд бүтцийн томоохон мега төслүүдийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд 24 мега төслийг тодорхойлон ажиллаж байна.Мега төслүүд эхнээсээ гараанаас гарч байна. Тухайлбал, Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхэллээ. Метро барих гүйцэтгэгчийг энэ онд багтаан шалгаруулахаар төлөвлөлт, судалгаа хийж байна. Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 17 хувьтай байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар улиралд зорчигчдод үйлчилж эхлэх төлөвлөлттэйгөөр ажил шуурхай явж байна. “Улаанбаатар трамвай” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, НИТХ-ын хуралдаанаар баталлаа. Мөн “Нэгдүгээр тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж батлуулаад, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Мөн 20 минутын хот концепцын нэг болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, төлөвлөгөөний дагуу барилга угсралт эхэлсэн гээд бүх төсөл шат ахиж, хэрэгжиж байна.Төслүүдийг бид зөвхөн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн зардлаар хэмжихгүй, нийслэлийн иргэдийн амьдралын чанар, байгаль орчны аюулгүй байдал, хотын тогтвортой хөгжлийн суурь болох томоохон ач холбогдлоор нь харж байна. Утаа, түгжрэл, төвлөрөл зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд 24 мега төсөл цогцоороо хэрэгжих шаардлагатай болсон. Мөн нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Их багтаамжийн нийтийн тээврийн төсөл болох Метро, Трамвай, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр зэрэг төсөл нь Монголд анх удаа хэрэгжих учир хууль эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах шаадлагатай бий.
Нийслэлд ийн олон ажил өрнөж, том төслүүд ч хэрэгжиж эхэлж байна. Эдгээр ажлыг одоогийнх шиг эрчийг сааруулахгүй урагшлуулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадвал тулгамдсан томоохон асуудлуудаа шийдвэрлэх нь гарцаагүй. Сайн, муу аль нь байсан ч муулж л байдаг бидний их хотод ихээ асуудал байгаа нь үнэн. Үүний хажуугаар түүнийг шийдвэрлэх ажлууд, бүтээн байгуулалтууд хийж байгаа нь ч үгүйсгэхийн аргагүй үнэн. Асуудлууд ганцхан өглөө өргөс авсан мэт арилчихгүй ч бүтээн байгуулалтууд нэмэгдсээр байвал одоогийн хүнд нөхцөлүүд бидний ой санамжид л хадгалагдах биз ээ.