Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг боллоо. Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болж байгаа фестивалийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Азийн соёлын төвийн Ерөнхийлөгч Ким Сангүг нарын гадаад, дотоодын хүндэт зочид оролцлоо.
"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулж, Монгол Улсын 21 аймаг, нийслэл өөрсдийн соёл, уламжлал онцлогийг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчдөд үзүүлэн сонирхуулж, өнөөдөр хаалтаа хийнэ. Соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээн зохион байгуулагдаж байна. БНСУ-ын Өмнөд Чунчон аймгийн Сочоны ардын урлагийн хамтлаг, Гванжү хотын хөгжимчин Ким Вунг, И Жэ Ёон нарын уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Мөн Туркменистан Улс, ОХУ-ын Буриад Улсын оролцогчид язгуур урлагийн тоглолтоо “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зорин ирсэн үзэгчдэд хүргэж, гадаадын оролцогчдын хүрээллийг нэмсэн юм. Монгол Улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодруулсан зэрэг онцгой үйл явдлууд Тайж хайрханы уулын бэлд бичигдлээ.
Баруун бүсийн хүрээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын уран бүтээлчид, Хангайн бүсийн хүрээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын уран бүтээлчид, Хойд бүсийн хүрээнд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.
Бүс бүсээс оролцож буй уран бүтээлч, өвлөн уламжлагчдын бүтээл онцгой байсан ба Архангай аймгаас гэхэд 5 ай савын хүрээнд Тухайлбал эх хэл аман уламжлалын ай сав 5, ардын язгуур урлаг 15, уламжлалт арга ухаан 6, тоглоом наадгай 8, гар урлал 5, сав шим ертөнц 1 ай савын хүрээнд төв халхын язгуур урлаг, зан үйлийн онцлогийг харуулсан урлагийн номер, Отгийн тоглолтоо бэлтгэн оролцлоо. Энэ мэтчилэн бүс бүсээс оролцож буй оролцогчдын ур чадвар жилээс жилд ахиж байгааг олон талын хөтөлбөрөөс харагдлаа.
Зүүн бүсийн хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын уран бүтээлчид, Төвийн бүсийн хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн уран бүтээлчид, Говийн бүсийн хүрээнд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчид отоглож, зан үйл, язгуур урлагийн өргөө, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, хүндэтгэлийн өргөөндөө өөрсдийн соёлын өв, урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэнг толилуулж байна.
Монгол түмний бахархал болсон морин хуурийн аялгуу хол, ойрын зочдын сэтгэлийг хөдөлгөж, үндэсний соёлын нэгэн бахархал хуурийн эгшигт дуу Тайж хайрхан уулын бэлд цуурайтлаа. Морин хуураа дэлгэрүүлэн түгээж буй "Мөнгөн чавхдас", "Хүннү аялгуу", "Миний бэлэг" зэрэг сургалтын төв болон орон нутгаас ирсэн хуурчид Монголын өв соёл, зан заншлыг олон түмэндээ түгээн дэлгэрүүлж байна.
Хөтөлбөрт багтсан уран бичлэг, quiz night, үндэсний соёлын загварын шоу, нээлттэй ярилцлага болон үндэсний тоглоом, наадгай зэрэг соёлын олон талт арга хэмжээг фестивалийн гурван өдрийн турш зохион байгуулж байна. “Монголын шувуучлахуй холбоо” үндэсний бахархалт Идлэг шонхор шувуу болон шувуулахуйн өвд багтдаг бусад махчин шувуудын онцлог шинж, ан хийх зан төрх, амьдралын хэв маягийг үзэгчдэд таниулан сурталчилж байгаа бол “Монгол банхар судлалын холбоо” нүүдэлчдийн аж амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон монгол нохдыг үзэгч олонд танилцуулсан нь фестивалийг зочдын анхаарал татсан арга хэмжээ болжээ.
Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болж буй буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр хаалтаа хийнэ.
-660x0.jpeg)













-660x0.jpeg)

