
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан Хятадад айлчлах үеэрээ АНУ-тай хэлэлцээ хийх боломжийн талаар Пёньяны байр суурийг уламжилсан байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба хууль тогтоогчдодоо мэдээлжээ.
Энэ талаарх үнэлгээг Үндэсний тагнуулын алба парламентын Тагнуулын хорооны хаалттай сонсголын үеэр танилцуулсан байна. Энэ тухай эрх баригч Ардчилсан намаас парламентын гишүүн Юн Гон Ён болон сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намаас парламентын гишүүн Ю Ён Ха нар мэдээлжээ.
Түүнчлэн Ким Жон Ун Хятадад айлчилсан нь Бээжин Солонгосын дайнд оролцсоныг дурсах зорилгоос гадна өөр шалтгаантай байж болзошгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага үзсэн байна. Учир нь тэрбээр цэргийн албан тушаалтнууд бус, Гадаад хэргийн сайд Чой Сон Хүй зэрэг дипломат албаны өндөр түвшний төлөөлөгчдийн хамт айлчилжээ.
“Хятад улс Кимийн байр суурийг АНУ-д уламжилж болох ч Вашингтон, Пёньяны хооронд хэлэлцээ зохион байгуулахад идэвхтэй зуучлах сонирхолтой байгаа нь харагдахгүй байна” гэж Үндэсний тагнуулын албаны мэдэгдлийг эш татан мэдээлсэн боловч ийм дүгнэлтэд хүрсэн тодорхой үндэслэлийг танилцуулаагүй байна.
Ким Жон Ун бямба гарагт БНХАУ-ын Даньдун хотод нэг өдрийн айлчлал хийж, Хятадын улс төрийн дээд зөвлөх Ван Хунинтэй уулзан, дайны дурсгалын цогцолборт зочилжээ.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдээлснээр, анх Хятадын Ерөнхий сайд Ли Цян Ким Жон Уныг хүлээн авахаар төлөвлөж байсан ч цагийн хуваарийн зөрүүгээс шалтгаалан түүний оронд Ван Хунин уулзжээ.
“Ван Хунин бол дарга Ши Жиньпиний ойрын туслах бөгөөд 2018 онд Ким Жон Ун Хятадад анх айлчилснаас хойш Ши, Ким нарын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн өнгөрсөн долоодугаар сард Умард Солонгост айлчилж, Кимтэй уулзсан. Иймээс Хятад улс хүндэтгэл үзүүлэхэд тохиромжтой албан тушаалтнаа илгээсэн бололтой” гэж тус байгууллага тайлбарлажээ.