
СОР17 хурлыг манай улс зохион байгуулж буйтай холбоотойгоор эерэг, сөрөг шүүмж, харлуулах гэсэн оролдлого, сайшаах гэсэн хичээл зүтгэлтэй нийтлэлээр цахим сүлжээ дүүрчээ. Цахим нийтлэлд автах бус биечлэн танилцаж, сурвалжлахаар иргэдэд бүрэн нээлттэй ажиллаж буй “Ногоон бүс”-ийг зорилоо.

Зорьсон газартаа очихын тулд тусгайлан гаргасан автобусаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. “COP17 GREENZONE” гэсэн хаягийн орчимд Ногоон бүсэд хүргэх гольфийн машинд суухаар найман настай балчраас 80 настай буурал хүртэл дугаарлан зогсжээ. Гольфийн машинаар сэрүү татуулан давхиж үндсэн ногоон бүсэд буухад тус хэсэгт гадаадын зочид, төлөөлөгчид болон дотоодын иргэдийн аюулгүй байдлыг хангахаар олон цагдаагийн албан хаагч ажиллаж, металл ирлүүлэгчээр хүн бүрийг нарийн шалгаж нэвтрүүлж байгаа нь олон улсын хэмжээний томоохон хурал гэдгийг илтгэнэ. Монголчууд бидний өдөр тутамдаа харж дадаагүй энэ их хамгаалалт, металл илрүүлэгч хаалга, гар илрүүлэгчээр давхар шалгах хамгаалагчид нь нэг л иргэдийг айлгахаас илүү сонирхлыг нь татаж буй бололтой.

Дотогш нэвтрэхэд баруун гар талд EXHIBITION PAVILON гэж хаягласан үзэсгэлэнгийн павильон байрлажээ. Төвийн аймаг, сумуудад байдаг байгалийн үзэсгэлэнт газруудын танилцуулга, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулж буй хэсгүүд харагдана. Энд хүмүүс бараа зарах, хөрөнгө оруулалт хайхаас илүү “манай нутгийн гайхамшгийг хараарай” гэж сонирхож ирсэн хүмүүст хичээнгүйлэн тайлбарлан зогсох аж.

Цаашлаад Улаанбаатар хотын экологийн асуудалд хялбархан хэр нь томоохон үр дүнг зорилгоо болгосон нэгэн сонирхолтой төслийн павильон байв. Ургамлын далай ХХК , Хашаандаа сайхан амьдаръя ТББ хамтран “ХОТЫН ОЙ” гэх гэр хорооллын хэсгийг ойжуулах замаар хотын экологийн асуудлуудыг багасгах шийдэл хайж, тус төслийг санаачилжээ.
“Хотын ой”-гоос баруун тийш эргэхэд Хятад, Солонгос болон Япон улсуудын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг манай улстай хамтран хийж буй томоохон төслүүдийн танилцуулгууд байршсан нь гадаад иргэдийн анхаарлын төвд хэдийнээ оржээ. Тухайлбал Солонгос Монголын хамтарсан GREENBELT төсөл 2022-2026 онуудад түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх, түймрээс урьдчилан сэргийлэх “Түймрийн хяналтын систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулж, төслийнхөө хүрээнд Төв аймгийн Лүн сум руу аялангаа тухайн төсөлтэй биечлэн танилцах аяллын хөтөлбөрөө олон нийтэд зарлах аж.
Үргэлжлүүлэн алхвал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөний томоохон хэсэг нүднээ содхон тусна. Тус хэсэг үндэсний хөдөлгөөнийхөө хэрэгжилтийн тайлан болон төрийн байгууллагаас санаачилж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулгаар үүдээ чимжээ. Мөн бяцхан цайны хэсгээрээ анхаарал татаж бусдаасаа илүү зочидтой байгаа нь харагдана. Би энд 70 орчим насны цай уун амс хийж байгаа эмэгтэйтэйтэй багахан яриа өрнүүллээ. Тэрээр ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Туул тосгонд 400 гаруй мод тарьсан тууштай, зүтгэлтэй нэгэн байлаа. Энэ талаараа олны дунд зарлалгүй өөрийн итгэл үнэмшлээрээ тус санаачилгад нэгдэн амьдарч буй орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь сонсоод урамшив. Үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлж буйн утга учир нь энэ мэт энгийн иргэдийн итгэл, зүтгэлтэй салшгүй холбоотой биз ээ.

ААН-үүд ихээр байршсан хэсгээр зорчвол Оюу толгой болон MCS компанийн зассан павильонууд олны дундаас онцгойрно. MCS компанийн хувьд Bonaqua брэндийнхээ дүр төрхөөр хуванцрын дахин боловсруулах үйлдвэрээ танилцуулж, хуванцар буталдаг унадаг дугуйгаар хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Сонирхож буй хүмүүс хоосон усны саваа унадаг дугуй ашиглан бутлан дахин боловсруулахад нь тусалж хариуд нь Bonaqua брэндийг үзэг шагналд нь авч бяцхан инээмсэглэл тодруулна.
Харин Оюу толгой компанийн хувьд хүмүүсийн ихээр сонирхдог сэдэв болох алт, зэсийг хэрхэн олборлож экспортолдгоо харуулсан үзвэр бэлджээ. Тухайлбал хүдрийг олборлож, боловсруулах гурван шатлал тус бүрийн үр дүнг шилэн хоргонд байршуулжээ. Эхний хоргонд ил болон гүний уурхайгаас олборлосон хатуу хувилбар, хоёр дахь хоргонд баяжуулах үйлдвэрт тээрмээр нунтагласан хэлбэр, үүний дараа нунтагласан хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар үйлдвэрлэсэн байдлаар харуулжээ. Гурав дахь хоргонд буй хүдрийг экспортлодог бөгөөд ингэж боловсруулсан 1 тн хүдрийн баяжмалд зэсийн агууламж 20.96 хувь, алтны агууламж 7.37г байгаа хэмээн тэмдэглэсэн байна. Ийнхүү зэс, алтыг үйлдвэрлэсэн баяжмал байдлаар экспортолдог гэж тус павильоны ажилтан тайлбарлалаа. Тус компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 300га талбайд заган ой байгуулах “Ухаа заг” төслийг санаачилжээ. Учир нь нэг ширхэг заг мод дангаараа дөрвөн тонн элс тогтоон барих чадалтай гэнэ. Иймд “Ухаа заг” төслөөрөө байгуулах заган ой нь хаврын улиралд бүс нутгаар дэгддэг шар шороон шуургаас урьдчилан сэргийлж, тогтоон барихад онцгой ач холбогдолтой юм. Үүнээс гадна тус байгууллагын нөхөн сэргээлт болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн томоохон төслүүдийг сонирхон үзвэл
100 сая мод өвлүүлэн үлдээе,
Усны нөөцийн менежмент,
Биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрүүд
Хог хаягдлын менежмент зэрэг хөтөлбөрүүдийг 2011 оноос хойш хэрэгжүүлж үр дүнгээ олон нийтэд танилцуулж байлаа.

Бусад ААН-үүдийн хувьд байгальд байх түүхий эдээр хийсэн бүтээлүүдээ борлуулж байна. Эдгээр ААН-үүдээс онцловол, Транс трейд компани хаягдал өөх тосоороо саван хийж дотооддоо үйлдвэрийн цэвэрлэгээндээ ашигладаг байсан бол энэ удаад зах зээлээ тэлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг шинэчлэхээр шийдэж гарын саван, угаалгын нунтаг, тэмээний чөмөгний тос, тосон саван зэргийг борлуулалтад гаргажээ.
Ногоон бүсэд байрлах Шинжлэх ухаан, олон нийтийн павильонд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, судалгааны байгууллага, шинжлэх ухааны академи зэрэг байгууллагууд иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулж өөрсдийн хийсэн судалгаа, сонирхолтой ургамал амьтдыг танилцуулж байлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэгч агентлаг болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан павильоны бүтээлүүд нь анхаарал татахуйц, чамин хийц, өвөрмөц өнгөний зохицолтой цүнх, цамц, уран зураг, гараар хийсэн саван үндэсний дээл зэргээр дүүрэн байв.
Ногоон бүсийн гадна талбайд гурван монгол гэр засжээ. Нэг гэр нь монгол уламжлал, аж ахуйг харуулсан кинонуудыг англи хадмал орчуулгатайгаар гаргаж буй аж. Тус гэрийн үзвэрийн суудал хэдийнээ дүүрчээ. Дараагийн гэрийг хаад түшмэдийн хуралддаг өргөө маягаар тохижуулжээ. Тухайн гэр гадаа, дотоодын иргэдийг анхаарлыг ихэд татах аж. Монгол нутагт байрлах чулуун хөшөө болон хадны зургаар үзэсгэлэн хийсэн гурав дахь гэр түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхүйц танилцуулга, сурталчилгааны хуудас бүхий түүхийн өртөө маягаар засагдсан байх аж.

Олон улсын томоохон хурлын нэгээхэн хэсэг болж, бид хэрхэн байгаль орчны асуудалд анхаарч байгааг сонирхолтой төслүүдээс харж, олон улсын жишиг, хүрээлэн буй орчинд ээлтэй амьдрах арга ухаанд суралцах томоохон боломж гэж Ногоон бүсийг дүгнэж болохоор санагдана. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ган гачгийн талаар мэдээлэл өгөх төрийн болон ТББ, судалгааны институциудын сонирхолтой павильонууд, ААН-үүдийн үйл ажиллагаагаа танилцуулж сурталчилсан үзүүштэй сурталчилгаануудаас эхлээд хоолны асар, урлагийн үзүүлбэрүүд гэхчлэн улаанбаатарчуудын сонирхлыг татах цөөнгүй зүйлс нэг дор цугларчээ.
Гольфийн машинд суун дэлхийн улсуудын туг салхинд дэрвэлзэх богинохон ч гэсэн сонирхолтой замаар явж хүрэх СОР17-ийн Ногоон бүсэд байгаль орчны салбарын хэлэлцүүлгүүд өрнөж, иргэд цугласан их хөлийн газар болжээ.
Бэлтгэсэн: Ц.Намуунаа