“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тусламжийн баг өнгөрөгч долоо хоногт Орхон аймагт томилогдон ажиллажээ. Энэ үеэр Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон “Эрдэнэт” сувиллын цогцолборт хэвтэж байсан хүүхэд болон зуслангийн ажиллагсдын биеийн байдалтай танилцаж, нарийвчилсан шинжилгээг дахин хийжээ. Өчигдөр 131 иргэнээс 79 иргэн эмнэлэгээс эдгэгдээд гарсан байна. Үлдсэн иргэдэд эмчилгээ хийлгэж байгаа ба давтан шинжилгээний дараа эмнэлгээс гаргахаар болжээ.

Харин Улаанбаатар хотод Халдварт өвчин судлалын төвд 10 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчилгээ хийж гарсан хүүхдүүд гурван сарын хугацаанд эмнэлэгийн хяналтад байж, эмчийн зөвлөгөөг сайтар сахихыг анхаарууллаа. 

“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд гарсан хоолны хордлогын улмаас Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд хувийн ариун цэврийг сайтар сахихыг анхаарууллаа. Үйл ажиллагаа явуулж байгаа зуслангийн ажиллагсдыг эрүүл мэндийн шаардлага бүрэн хангасан байхыг албаныхан сануулж байна. Мөн зусланд амарч байх хугацаанд гэдэс өвдөх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгийн тусламж авахыг холбогдох байгууллагаас анхааруулж, зуслангийн эрүүл ахуйн стандартыг ханган ажиллахыг хүслээ.

Ташрамд дуулгахад, “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжинд 322 хүүхэд долоодугаар сарын 12-с эхлэн амарч эхэлсэн. Харин амрагч хүүхдүүдээс толгой эргэх, гэдэс өвдөх, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн учраас долоодугаар сарын 17-с эхлэн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Эмнэлэгийн тусламж авсан хүүхдүүд өчигдрөөс эхлэн гэртээ гарлаа.