
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгалаа.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно.
УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.