
Улс төрд мөнхийн найз гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг л бий гэдэг. Тэгвэл энэ үгийг батлах мэт үйл явдал Монголын улс төрд хаврын чуулгантай зэрэгцэн ирлээ.
Уг нь энэ хаврын улс төрийн эхлэл цэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төсөл байсан юм. Гэвч энэ төслөөс урьтаж АН-ын бүлгийн улс төрийн шийдвэр УИХ-ын даргын суудал, цаашилбал Монгол Улсын Засгийн газрын хувь заяатай тэнцэж мэдэхээр нөхцөл байдлыг үүсгэлээ. Ердөө дөрвөн сарын өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар сонгохыг парламент 82.5 хувиар дэмжсэн. Энэхүү дэмжсэн санал өгсөн гишүүдийн 19 нь АН-ын бүлгийнхэн бөгөөд намын дарга О.Цогтгэрэл нь ч тэдний нэг байв. Гэвч энэ хаврын чуулган нээсэн эхний өдөр тус намынхан УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхийг шаардаж, тэр хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр эрх баригч намын дарга УИХ-ын даргын албыг давхар эрхэлж болохгүй гэсэн хууль Монголд байхгүй ч парламентын засаглалтай улс орнуудын нэгэн адил УИХ-ыг мэтгэлцээний талбар байлгахын тулд спикер нь намын дарга байж болохгүй гэх шаардлагыг сөрөг хүчин тавиад байна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг шийдвэр гаргасан. Намын дарга УИХ-ын дарга байх нь буруу жишиг, төрийн хямралд хүргэдэг. Тиймээс энэ буруу жишгийг засах ёстой. Д.Амарбаясгалан дарга УИХ-ын даргаар ажиллаж байгаад МАН-ын даргаар сонгогдоход АН яг энэ байр суурийг илэрхийлж байсан. Н.Учрал даргыг УИХ-ын даргыг сонгогдоход АН-ын зарим гишүүн дэмжиж санал өгсөн. Тэр дундаа намайг дэмжсэн байна гэдэг асуултыг зарим хүн хэлж байна. Гэхдээ тухайн үед төсвөө батлах шаардлагатай цаг үе байсан. Мөн Н.Учрал даргыг томилоод АНын бүлгийн өргөн барих хуулийг хэлэлцэнэ гэсэн. Гэтэл хаврын чуулганы хэлэлцэх асуудалд манай намын бүлгийн өргөн барьсан хуулийн төсөл байхгүй. Тиймээс бид зөвхөн гацаахын төлөө асуудалд хандаагүй. Боломж олгосон. Бидний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Чуулган эхлэхэд зарим хуулийн төслийг саатуулах гэж АН-ын бүлгээс бойкот хийж байна гэсэн. Зарим хууль гэдэг дээр Гадаадын банк, гишүүдийг эгүүлэн татах гэх мэт баахан зүйл хамж ярьсан байна лээ. Бид зарчмын шаардлага л тавьж байгаа. Ер нь Үндсэн хуульд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахгүй байх нь зүйтэй гэж заасан байдаг. Сонгодог парламентын утга манай Үндсэн хуульд суусан байгаагийн гол илрэл бол энэ шүү дээ.
Сөрөг хүчний энэ шаардлагыг буруутгах арга үгүй. Ийм агуулгатай хуулийн төслийг ч дөрвөн сарын өмнө боловсруулснаа тус бүлгээс мэдэгдэж байсан. Харин энэ удаад цагийг нь, бас цэгийг нь олж улс төрийн нүүдлээ л хийж буй хэрэг. Юу гэхээр, парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах учиртай. Байнгын ажиллагаатай байлгахын тулд дэргэдээ Байнгын хороод хүртэл байгуулдаг институц. Харин хуралдаж чадахгүй бол төр гацаж, Үндсэн хуулийн хямрал руу түлхдэг. Өмнө нь АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар спикерээр ажиллаж байсан ч парламент хуралдаж чадахгүй бол ямар эмзэг байдалд ордгийг бид М.Энхболдын жишээнээс мэднэ. Хэн нэгэн хувь улстөрчөөс хамаарч, бүр тодруулбал албан тушаалаас нь болж парламент гацдаг тохиолдол ийнхүү хоёр дахиа давтагдаж байна. 2016-2020 оны парламентын үед буюу МАН үнэмлэхүй засаглаж байхдаа М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, “60 тэрбум”-ын хэрэгт буруутган огцруулж байсан удаатай. 32, 33-аар хуваагдсан МАН-ын 65 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг бараг 40 хоног гацаасны эцэст 2019 оны нэгдүгээр сарын 29- нд М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлснөөр төрийн гацаа арилж байв. Тэгвэл өнөөдөр АН-ынхан яг энэ замаар л алхаж байна. Хэдийгээр тэд 126 гишүүнтэй парламентад ердөө 42 суудалтай бүлэг боловч мөн л МАН-ын дотоод хуваагдал дээр улс төр хийсэн нь энэ.
Дефакто АН-ын бүлэг УИХ-д олонх болсныг энэ хаврын чуулган бидэнд харуулж байна. Уг нь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй, парламентын 54 хувийг дангаар бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоод хуваагдалгүй бол тэд ирцээ дангаараа ч бүрдүүлчих боломжтой нам. Гэтэл өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулж, сонгуульд ялагдсан намуудыг сугандаа хавчуулсан хэр нь чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй байна гэхээр дотоод хуваагдал нь ямар гүнзгийг харж болно. Засагт хамтарсан найман суудалтай ХҮН (парламентын 6.3 хувь), дөрвөн суудалтай ИЗНН-аа (парламентын 3.2 хувь) оруулаад ч ирц бүрдэхгүй байна гэхээр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, чөлөөлөгдсөн спикер Д.Амарбаясгалан нар МАН-ын бүлэг дотор ямархуу дэмжлэгтэй нь харагдана.
Нэгэнт л АН-ын бүлэг болон Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн талынхан чуулганы ирцэнд орохгүй л бол УИХ хуралдаж чадахгүй хэвээр байна. Харин ямар тохиолдолд ирц бүрдэж, парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нээгдэх вэ?
Хувилбар
1:
Н.Учрал Ерөнхий сайд болох
Хамгийн магадлал өндөр хувилбар бол МАН-ын дарга Н.Учрал спикерийн ажлаа өгч, Засгийн газраа өөрөө байгуулах. Угаасаа ч ялсан намын дарга гүйцэтгэх засаглалаа тэргүүлэх нь улс төрийн бичигдээгүй хууль. МАН-ын дүрэмд ч ийм заалт бий. Харин Н.Учралын тухайд 2024 оны сонгуулийн ялалтыг МАН-ыг удирдаж ороод авчирсан дарга биш. Үе хоорондын зодоон дундаас эрх баригч намын даргаар сонгогдсон нэгэн. Мөн энэ суудалд суухдаа Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдгээ намын Их хурлын гишүүдийнхээ өмнө мэдэгдсэн. Гэвч амлалт хийгээд бодит нөхцөл байдал хоёр өнөөдөр зөрж байна. Төрийг гацаанаас гаргахын тулд тэр УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тулгалтад орлоо. Гэвч нэг талдаа Н.Учрал буланд шахагдсан мэт харагдаж болох боловч нөгөө талдаа АН-ын өнөөдрийн улс төр түүний Ерөнхий сайд болох замыг засаж байж мэдэх юм. Уг нь тэр намын даргаар сонгогдмогцоо л С.Баяр шиг “Надад хүлээх хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг өг” гэж хэлээд Ерөнхий сайд болж болох л байсан.
Гэвч улс төрийн тохироо нь өөрөө энэ боломжийг олгоогүй билээ. Нөхцөл байдал нэгэнт ингэж эргэж, Н.Учрал өөрөө Засгийн газраа бүрдүүлэхээр болбол Г.Занданшатар яах вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Олон нийтийн таамаглаж байсанчлан 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл гүйцэтгэх эрх мэдлийг Г.Занданшатар хэрэгжүүлж, Н.Учрал сонгуулийн дараа засгаа авна гэсэн яриа байсан. Тэгвэл энэ хугацаа маш эрт наашаа татагдаж байна. Чилийсэн бүтэн жилийн дараа засаг ч үгүй, сул гишүүн ч үгүй Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авахад бэрх. Уг нь зурсан зураг ёсоор сонгууль дөхмөгц У.Хүрэлсүхийн нэгэн адил ажлаа өгч, арай өөр дүрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов уу гэж ажиглагчид таамаглаж байсан. Гэвч энэ боломжийг АН-ын улс төрийн шахалт, МАН-ын дотоод хуваагдал Г.Занданшатарт олгохгүй нь бололтой.

Хувилбар
2:
Г.Занданшатар МАН-ын дарга болох
МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн тун нээлттэй нэгэн болж хувирлаа. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт бараг зургаан цаг ярилцлага өгсөн тэрээр Төрийн ордны коридорт төрийн тусгай хамгаалалттай явахдаа л захын сэтгүүлчид “баригддаг” болсон байна. Ингэхдээ АН-ын бүлгийн байр суурийг шууд дэмжиж, Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаа ав, аль эсвэл Г.Занданшатарыг МАНын дарга бол гэж мэдэгдлээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэнд бүртгүүлэхгүй гэдгээ ч ил тод хэллээ. Хөшигний араас биш, шууд тайзан дээр гарч ирсэн энэ үйлдлүүдтэй нь холбоотойгоор дараа дараагийн улс төрийн зураглалыг хэвлэлийнхэн өөр өөрийнхөөрөө, дор бүрнээ зурж байна. Түүний нэг нь Н.Учралыг Ерөнхий сайд болсон тохиолдолд Шадар сайд асан С.Амарсайханыг УИХ-ын даргаар сонгох ёстой гэсэн шахалтыг Д.Амарбаясгалан, Л.ОюунЭрдэнийн тал тавьж буй гэх. Гэхдээ эндээс нэг зүйл тодорхой байгаа нь Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн хоёр дахь хэсэг. Түрүү жилийн намар намын даргад өрсөлдөөд МАН-ын Бага хурлаас дэмжлэг аваагүй Г.Занданшатар Их хурал дээрээ намын даргын өрсөлдөөнд ч оролгүй нэрээ татсан. Харин хоёр тал дундын хувилбараар Н.Учралыг МАН ын даргаар сонгосон болохоор Л.ОюунЭрдэнийн хэлсэн шиг “Г.Занданшатар намын дарга болж, төр гацаанаас гарна” гэдэг хувилбар бараг л бүтэхгүй нь ойлгомжтой. Н.Учрал ч бас өөрийн суудлаа зүгээр тавиад өгнө гэж үү?
Хувилбар
3:
Н.Учрал сул гишүүн болох
“Власть”-ийг авсан шиг авах ёстой гэж улстөрчид ярьдаг, нийтлэлчид бичдэг. Энэ өнцгөөс нь харвал, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын суудлаа өгчихөөд зүгээр сул гишүүн болно гэж байхгүй. Намын Их хурал дээрээ эв нэгдлийг хангахын тулд тэр үүрэх хариуцлагатайгаа дүйх эрх мэдлээс татгалзаж, Ерөнхий сайд болоогүй. Гэтэл одоо сөрөг хүчний шахалтаар олдсон “власть”-аа тавиад тууна гэж үү? Түүн шиг худлаа юм байхгүй болов уу. Эрх баригч намын даргын жинхэнэ хүч Тусгаар тогтнолын ордонд биш, Төрийн ордонд хадгалагдана. Тэр тусмаа намын Их хурлаас сонгогдсон дарга бусдын улс төрийн замыг засахын тулд өөрийн өгсөж яваа шатыг хөрөөднө гэж үгүй. Хэрэв энэ хувилбар биеллээ оллоо гэвэл тэр нь “Төрийг гацаанаас гаргах” гэсэндээ бус “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын “УИХ-ын дарга манлайлал үзүүлэх хэрэгтэй. Н.Учрал УИХ-ын дарга юм уу, улс төрийн намын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу. Үүнийг ялгаж, зааглаж нотлох маш том сорилттой тулгарч байна” гэж хэлсэнчлэн тэр сонголтоо л хийлээ гэж ойлгогдох юм.
Хувилбар
4:
АН-ын бүлэг саналаа татах
Хэдийгээр АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч саналаасаа буцахгүй гэх баталгаа үгүй. Улс төрийн ямар нэгэн тохироог эрх баригчидтай хийгээд энэ саналаасаа буцлаа гэхэд гайхах зүйл ч байхгүй. Бас ямар ч тайлбар өгч болно. Дээр өгүүлсэнчлэн АН-ын бүлэг УИХын дарга аль нэг намын дарга байж болохгүй гэх хуулийн төслийг одоогоос бараг дөрвөн сарын өмнө санаачилсан. Гэвч өөрсдөө ийм төсөл санаачилсан хэр нь л МАН-ын даргаар сонгогдсон Н.Учралыг маргааш нь шахуу УИХ-ын даргад нэр дэвшээд ороод ирэхэд нь бараг 50 хувь нь дэмжих санал өгсөн. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүртэл МАН-ын даргыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжсэн бөгөөд үүнийгээ одоо “Төсөв батлах цаг хугацаа тулсан байсан” гэдгээр зөвтгөн тайлбар өгснийг дээр өгүүлсэн. Тийм болохоор “Ард түмний шаардлагаар”, аль эсвэл “ҮБХ-ны шийдвэрээр”, бүр “Төрийг гацаанаас гаргахын тулд” гээд ямар ч тайлбартайгаар АН-ын бүлэг улс төрийн тэмцлээсээ “ухарч”, ирцэнд орохыг үгүйсгэхгүй. Харин ийм хэмжээнд тохироонд хүрэх үнэ цэн нь ямар байхыг хэлж мэдэхгүй юм. Магадгүй саяхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдсөн АН-ынхан Г.Занданшатарын танхимд хамтрагч болоод ч ороод ирэх юм бил үү. Хэн мэдэх билээ. Ийм хувилбар байхыг үгүйсгэх аргагүй нь үнэн юм.
Хувилбар
5:
Эрх баригчид ирцээ өөрсдөө бүрдүүлэх
Хаврын чуулган эхлэхийн өмнө Г.Занданшатарын Засгийн газарт сэлгээ хийгдэх нь тодорхой болсон. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдээд байсан. Энэ бол хувь улстөрчдийн хүсэлт гэхээс илүүтэй улс төрийн цаад шахалт гэдгээр тайлбарлавал илүү үнэнд дөхөх байх. Тэр өнцгөөс нь бодвол Г.Занданшатарын танхимд сэлгээ хийх замаар намын дотоод зөрчлийг намжаах хувилбар эртнээс яригдсан гэсэн үг. Гэвч нөхцөл байдал өнөөдөр тэс ондоо өрнөж, Засгийн газар байх уу, үгүй юү гэдэгтээ ч тулж мэдэхээр болоод байна. Магадгүй хоёр сайд бус, нэлээд том сэлгээ хийх замаар эрх баригчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг бүрдүүлж болох юм. Ингэхдээ зөвхөн Засгийн газарт сэлгээ хийх бус, Л.ОюунЭрдэнэ, Д.Амарбаясгалан нартай тохироонд орж, дундын хувилбарт шилжиж болох. Энэ бол байж болох хувилбар. Нийслэлийн намын хороо буюу Х.Нямбаатар руу чиглэсэн дайралтаа зогсоох, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нарын намын гишүүнчлэлийг сэргээх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг буцаах зэргээр ямар бол ямар тохироог тэд хийж болно. Хэрэв МАНын сөргөлдөгч талууд ойлголцолд хүрч, засагт хамтарсан намуудтайгаа хамт ирцээ бүрдүүлчихвэл АН-ын шаардлага угаасаа утгаа алдана. Аль эсвэл УИХ-ын дарга нь намын дарга байж болохгүй гэх хуулийг нь парламентаар хэлэлцээд ч унагачихаж болно. Тэгвэл шаардлага тавьсан АН-д ч чуулгандаа орох “эрх” үүснэ.
УИХ-ын чуулганы ирц бүрдэж, төрийг гацаанаас гаргах энэ мэт хувилбарууд байж болох юм. МАН-ын удирдлагын түвшинд ч өнгөрөгч амралтын өдрүүдэд гацааг гаргах хувилбаруудаа ярилцана гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Харин тэд ямар хувилбар гаргах бол. Аль эсвэл Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа чуулганы хуралдааныг даргалахаас татгалзаж, дэд дарга нараар удирдуулж байсан шиг өнөө, маргаашаа аргацаасан арга барилаар хэсэг явах уу? Гэхдээ энэ бол эцсийн шийдэл биш учраас өөр нэг хувилбар л УИХ-ын ирцийг бүрдүүлж, Үндсэн хуулийн хямралаас Монголын төрийг холдуулж чадах билээ. Тэр нь харин ямар хувилбар байх бол?