
Манай улс өнгөрсөн оны есөн сарын байдлаар 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.2 тэрбум ам.долларт хүрсний 8.5 тэрбум ам.долларыг нь импортын бараа бүтээгдэхүүн эзэлжээ.
2025 оны эхний есөн сарын байдлаар импортын барааны 40.6 хувийг БНХАУаас импортлосон бүтээгдэхүүн эзэлсэн байна. Мөн импортын 80 хүртэлх хувийг урд хөрш дангаараа хангах нь ч бий. 2023 оны есөн сарын байдлаар БНХАУ-ын импортын дүн 6 750.5 сая ам.доллар байсан бол 2024 оны мөн үед 8 610.9 сая ам.доллар, 2025 онд 8 533.8 сая ам.доллар болж өссөөр иржээ.
Өнгөрсөн онд урд хөршөөсөө импортлосон бараа бүтээгдэхүүний 7.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлсэн бол 23.8 хувийг бусад импорт эзэлсэн нь хамгийн том хэсэг нь байлаа.

2023 онд нэвтэрсэн “Temu Mongolia” аппликэйшн Монголын цахим худалдааны дэд бүтэц, логистикийг дараагийн шатанд гаргаж, хил дамнасан онлайн худалдааг илүү системтэй, үр ашигтай болгосон. Экспресс хүргэлт, илгээмжээ хянах бодит цагийн бүртгэл, мэдээж хамгийн чухал нь болох хямд үнэ, өргөн сонголтыг олгосон “Тemu”- гийн өсөлт 2024 онд 36.5 хувьд хүрч нэмэгджээ. ECDB ын мэдээллээр 2024 онд “E-Commerce Industry in Mongolia” - 245 сая ам.доллар болж өмнөх оноос 15-20 хувиар өснө хэмээн зөгнөсөн бол “Statista” ын мэдээлснээр Монголын цахим худалдааны орлого 2025 онд 521.74 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Тemu, Shein тэргүүтэй захиалгын худалдааны платформууд гарч ирэхээс өмнө олонх монголчууд гаднаас бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа уламжлалт (Offline) аргыг ашиглаж, олон хоногийн хүлээлт, тээврийн өндөр зардалтай тулгардаг байсан. Харин Temu Монголд нэвтэрч, логистикийн түншлэлүүд бэхэжсэнээр хувь хэрэглэгчид болон жижиглэнгийн бизнесүүд дэлхийн зах зээлд илүү хурдан, хямд, найдвартай нэвтрэх боломжтой болж урьд нь бараг боломжгүй мэт санагдаж байсан өөрчлөлт бодит болсон.
2024 оны эхний хэдхэн сард монгол хэрэглэгчдийн “Temu”-гээс захиалсан барааны нийт үнэ 24 тэрбум төгрөг хүрсэн талаар УИХ-ын гишүүн онцлон дурдсан. Хэрэглэгчдийн хувьд үнэ хямд, сонголт ихтэй бараа бүтээгдэхүүнээс өөрийн хүссэнээр захиалж авах боломжтой болсныг энэ тоо илэрхийлж болох ч ард нь байгаа эрсдэлийг харин тоогоор илэрхийлэх боломжгүй. Монгол Улсад цахим худалдааны тусгай статистик бүртгэл одоогоор импортын тоо, захиалгын мөнгөн дүнг салангид бүртгэдэггүй, гааль, хил дамнасан шуудангийн системээр ирсэн бага үнэ бүхий олон жижиг багц бараанууд нь статистикт бүрэн тусгагдаагүй, импортын бараанд хийгддэг аюулгүй байдлын шинжилгээ нарийн хөгжөөгүй нь өөрөө импорт дагасан эрүүл мэндийн аюулыг тодорхойлох боломж олгохгүй байна.
Сар шинийг угтсан худалдаа идэвхжихийн хэрээр жилийн жилд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалдаг ч үнэ хямд нь л ялагч болдог. Хямд үнэ үргэлж хамгийн сайн өгөөш байсаар ирсэн ч харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдгийг мартаж болохгүй. Инфлүнсерүүдийн ихээр сурталчлах болсон Shein, иргэдийн ихээр ашиглах болсон “Temu”-гийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц болсныг монголчууд бид сайн мэдэхгүй. 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Greenpeace Germany”- ийн зүгээс анхааруулга гаргаж, хийсэн судалгааныхаа тайланг танилцуулав. Тайланд дурдсанаар, Shein онлайн худалдааны хувцаснууд хортой химийн бодис агуулсаар байгааг илрүүлжээ. Судалгаанд орсон 56 хувцасны 18 (32%) нь Европын REACH стандартад заасан хязгаараас давсан хортой химийн бодис агуулж байсан бөгөөд үүнд нь хүүхдийн хувцаснууд ч багтжээ. Герман улсын лабораториор шинжилсэн бүтээгдэхүүнээс илэрсэн химийн бодисууд нэгээр тогтсонгүй, хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү байв. PFAS-ийн дээд хязгаар давсан хэмжээ 3269 дахин их, фталат 200 дахин их агуулагдсан гэдэг ердөө л зах зух нь.

Shein нь хувцас загварын чиг хандлагыг AI ашиглан хянаж, өдөр бүр 10 000-аас дээш шинэ дизайн гаргаж, сард 363 сая хандалт авдаг, дэлхийн хамгийн их захиалагчтай хувцас загварын платформ. Гэхдээ тус платформ зарим бараагаа өмнөх туршилтад илэрсэн химийн бодисоор дахин үйлдвэрлэж, байгаль орчинд хуримтлагддаг, устахгүй, хүний эрүүл мэндэд аюултай бодисыг асар их хэмжээгээр ашиглаж байгаа нь хүний эрүүл мэнд төдийгүй байгаль орчин, эдийн засагт хор хөнөөлтэй хэвээр байгааг харуулна.
Дэлхийн өнцөг булан бүрийн захиалагчдад бараа бүтээгдэхүүнээ саадгүй түгээдэг Temu, Shein зэрэг платформуудын бүтээгдэхүүнийг улс орнууд онцгой анхаарч эхэлжээ. Тодруулбал, Бельгийн хэрэглэгчийн хамгаалалтын холбоо Achats Temu, Shein платформын барааны 70 хувь нь тухайн улсын чанарын баталгаанд нийцээгүй бараа бүтээгдэхүүн байдгийг илрүүлсэн бөгөөд Германи, Шведийн төстэй байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. Судалгааны дүнд тус платформуудаас захиалж авсан 162 төрлийн барааны 112 нь EU буюу Европын холбооны стандартын шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон аж. Энгийн жишээ дурдахад Shein дээр зарагдсан бүх хүүхэлдэй болон Temu дээрх 27 хүүхэлдэйний 26 нь согогтой байв. Согогт хүүхдэд аюултай хэлбэртэй, хортой бодис, амьсгалахад саад болох жижиг хэсгүүд багтсан бөгөөд эдгээр барааны 60 хувь нь дунд ба өндөр эрсдэлт согогтой хэмээн тодорхойлогджээ.
2024 оны долоодугаар сард Итали улсын хэрэглэгчийн холбоо Altroconsumo “Temu”-гээс худалдан авсан 25 барааг шалгаж, барааны ихэнх нь үндэсний болон EU стандарт зөрчсөн болохыг шинжилгээгээр тогтоосон.
Дани улсын хэрэглэгчийн холбоо Forbrugerrådet Tænk нэр дурдсан платформоос захиалсан 38 бараа шалгахад 30 нь EU аюулгүй байдлын дүрэм зөрчсний 11 нь хүүхдийн бараа, 3 нарны тос EU-д 2025 оноос хориглож эхэлсэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис найрлагад нь агуулагдсан байж.
Их Британи улсын Which? байгууллагын хийсэн цахим шалгалтаар “Temu”-д цахилгаан халаагуур, хууль бус зэвсэг зэрэг аюултай бараа зарж байсныг илрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй Temu “апп” ынхаа хэрэглэгчийн мэдээллийг хууль зөрчин цуглуулж байсныг Германы Stiftung Warentest илрүүлэв. Япон улсын Yomiuri Shimbun сонинд нийтлэсэн мэдээлэлд дурдсанаар “Shein”-ээс захиалан авсан зарим гутал нь фталат (phthalates) агуулсан бөгөөд тус платформоос захиалан авсан нэг хос гутал Япон улсын хуульд заасан хязгаараас 229 дахин их фталат агуулсан нь илэрсэн.
Гэхчлэн дурдвал хямд үнэ, хурдан шуурхай хүргэлтийн ардах аюулыг судалгаа, шинжилгээгээр тогтоосон улсууд өөр өөрсдийнхөөрөө арга хэмжээ авч эхэлжээ. Ихэнх улсууд иргэддээ хандан анхааруулга хүргүүлэхийн зэрэгцээ “Temu”, “Shein”- ийн толгой компаниудад шаардлага хүргүүлж, бараа бүтээгдэхүүнийг нь улсынхаа хилээр нэвтрүүлэхийг хориглох хүртэл арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.
Харин бид эргэн тойронд болж буй бүхэнд шинэ сэргэг ханддаг ч энэ мэт аюулыг үл тоомсорлосон хэвээр байгааг зах зээл өөрөө илчилнэ. Хүн хэлэхээс наашгүй гэдэг ч өөрийн эрүүл мэнддээ өөрөө л анхаарахгүй бол хорооноос хүн ирж захиалсан барааны тань чанар, аюулгүй байдлыг шинжилж өгөхгүй л болов уу.