
БНСУ-д энэ онд дунд болон ахлах сургуулиудад хиймэл оюунт нүдний шил ашиглан шалгалтад орж хуурсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ.
Энэ талаар БНСУ-ын Боловсролын яам даваа гарагт мэдээлэв.
Аравдугаар сарын 27-ноос өнгөрсөн мягмар гараг хүртэл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 5679 дунд болон ахлах сургуулиас цуглуулсан мэдээллээр, дунд сургуулийн нэг, ахлах сургуулийн гурван сурагч улирлын болон төгсөлтийн шалгалтын үеэр хиймэл оюунт нүдний шил ашиглаж байгаад баригджээ. Эдгээрээс дунд сургууль болон нэг ахлах сургууль нь Сөүл хотод, үлдсэн хоёр ахлах сургууль нь Өмнөд Жолла муж болон Жэжү аралд байрладаг байна.
Дөрвөн сурагчийн гурав нь нүдний шилээ байнга оролдож байгаад илэрсэн бол үлдсэн нэг нь шалгалт эхэлсний дараа хиймэл оюунт нүдний шилээ сольж зүүж байгаад баригджээ. Сүүлчийн тохиолдолд өөр нэг сурагчийн өгсөн мэдээллийн дагуу шалгалт хянагч тухайн сурагчийг анхааралтай ажиглаж байсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Холбогдох журмын дагуу дөрвөн сурагч бүгд тухайн шалгалтад авсан оноогоо тэглүүлжээ.
Үүнээс гадна ахлах сургуулийн гурван сурагчид тусгай сургалтад гурван өдөр хамруулах, олон нийтийн ажилд дөрвөн цаг оролцуулах, тав хоног хичээлээс түдгэлзүүлэх зэрэг сахилгын арга хэмжээ авчээ. Харин дунд сургуулийн сурагчид албан ёсны сахилгын шийтгэл ногдуулаагүй ч сургуулийнхаа хүрээнд сайн дурын ажил хийхийг даалгасан байна.
Боловсролын яам эдгээр хуурч мэхэлсэн тохиолдлыг тайлбарласан сургалтын материалыг сурагчдад тараахаас гадна хиймэл оюунт нүдний шилийг буруугаар ашиглахаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Мөн урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээний талаар бүс нутгийн боловсролын газрууд болон БНСУ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний хүрээлэнтэй (KICE) хэлэлцэхээр болжээ.
Боловсролын яам өмнө нь их, дээд сургуульд элсэх жилийн нэгдсэн шалгалтын үеэр хиймэл оюунт нүдний шил ашиглан хуурсан нь тогтоогдсон хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, шалгалт өгөх эрхийг нь одоогийн нэг жилээс гурван жил болгон нэмэгдүүлж хасна гэж мэдэгдсэн юм.