
2026 оны төсвийн тодотголоор ажилгүйдлийн тэтгэмжийн санхүүжилтэд зориулж 50 тэрбум төгрөг нэмж баталсан байна. Үүний үр дүнд төсөв хүрэлцэхгүй байснаас үүдэн саатаад байсан тэтгэмжийг олгох боломж бүрдэж, олголт хэвийн үргэлжилнэ гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Энэ талаар НДЕГ-ийн Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Ажилгүйдлийн даатгалын сангийн 2026 оны эхний 10 сарын орлого, зарлага, нөхцөл байдал ямар байгаа вэ. Өмнөх гурван жилийн үзүүлэлттэй харьцуулахад ямар өөрчлөлт гарсан бэ?
-Нийгмийн даатгалын сангийн 2026 оны есдүгээр сарын мэдээгээр ажилгүйдлийн даатгалын санд 134,7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж сангаас 33929 хүний ажилгүйдлийн тэтгэмжид 159,3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн хуулиар ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгохоор зохицуулсан тул тэтгэмжийн даатгалын сангаас 36,1 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна
-2026 онд ажилгүйдлийн тэтгэмжийн олголт гурван сар тасалдсан шалтгаан юу вэ. Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо таамагласнаас хэр хэмжээгээр өссөн бэ?
-Ажилгүйдлийн даатгалын санд 2025 онд 158.8 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж уг сангаас ажилгүйдлийн тэтгэмжид 163.7 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдсэнтэй холбоотой дундаж тэтгэмжийн өсөлтийн нөлөөлөл, төрийн албан хаагчийн орон тоог есөн хувиар бууруулан 6854 албан хаагчийг чөлөөлсөн зэрэг шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмжийн нэмэгдэх төсөв, санхүүжилтийн эх үүсвэр төсөвт тусгагдаагүй. Үүний улмаас 2025 оны 9-12 сард олгох байсан 17.4 мянган даатгуулагчийн 50.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2025 онд олгоогүй.
Энэхүү олгогдоогүй өглөгийг 2026 оны нэгдүгээр сард энэ оны төсвөөс олгосон. Тиймээс Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тодотголоор ажилгүйдлийн тэтгэмжийн зарлагын төсвийг 50.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталснаар энэ онд даатгуулагчдын ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгоно.
-Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, зарлагын харьцаа сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Ажилгүйдлийн даатгалын санд 2022 онд 52.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж сангаас 80.3 тэрбум төгрөг зарцуулсан, 2023 онд 62.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 111.0 тэрбум төгрөг зарцуулсан, 2024 онд 139.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 136.3 тэрбум төгрөг зарцуулсан, 2025 онд 159.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж 163.7 тэрбум төгрөг зарцуулсан үзүүлэлттэй байна.
Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхэд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн идэвхжил, ажил олгогчдын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн бүтэц болон ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
-2027 онд тус санд 192 тэрбум төгрөг төсөвлөхөөр тооцсон. Мөн эрх зүйн зарим өөрчлөлт гарахаар байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн хуулиар ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгохоор, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг 0.1 пунктээр нэмэгдүүлэн 0.6 хувь байхаар тус тус баталсан.
-Тэтгэмжийг ажлын 76 өдрийн хугацаанд олгодог. Энэ хугацаанд иргэдийн хэдэн хувь нь ажилд ордог вэ?
-Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 76 өдрийн хугацаанд олгодог бөгөөд энэ хугацаанд тэтгэмж авагчдын хэдэн хувь нь ажилд орж, хөдөлмөр эрхлэлтийг сэргээж байгааг тодорхойлох нь ажилгүйдлийн даатгалын бодлогын үр нөлөөг үнэлэх чухал үзүүлэлт юм. Иймд ажилд орсон иргэдийн хувийг зөвхөн тэтгэмж олгох хугацаагаар тодорхойлох боломжгүй бөгөөд тэтгэмж авагчдын мэдээллийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бүртгэлтэй тулган баталгаажуулах шаардлагатай.
-Тэтгэмж авах эрх үүсэхэд шаардагдах шимтгэл төлсөн хугацаа, тэтгэмж олгох хоногийн тоог өөрчлөх талаар яригдаж байна. Энэ өөрчлөлт ажилгүй болсон иргэдийн эрхэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэмж олгох хугацааг өөрчлөх асуудлыг ажилгүй болсон иргэдийн нийгмийн хамгаалал, ажилгүйдлийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулан авч үзэх шаардлагатай.
УИХ-ын 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн хуулиар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл, тэтгэмж тооцох аргачлал, олгох хугацаанд өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн өөрчлөлтийн гол зохицуулалтууд:
Шимтгэл төлсөн хугацаа: Анх тэтгэмж авах эрх үүсэхэд ажилгүй болохоос өмнө нийт 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 12 сар тасралтгүй төлсөн байх шаардлагатай.
Дахин тэтгэмж авах эрх: Өмнө нь тэтгэмж авч байсан даатгуулагч дахин 12 сар, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй шимтгэл төлсөн тохиолдолд эрх дахин үүснэ.
Тэтгэмж олгох хугацаа: Ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс ажлын 76 өдрөөр, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол ажлын 55 өдрөөр тооцож олгоно.
Тэтгэмж бодох орлого: Ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцно.
Хуулийн дээрх өөрчлөлт нь шимтгэл төлөлтийг тогтвортой хадгалах, даатгуулагчийн эрхийг хамгаалах, тэтгэмжийн хэмжээг бодит орлоготой уялдуулах, даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой.
- Ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа дахин ажилд орсон иргэдэд тэтгэмж үргэлжлүүлэн олгосон тохиолдол хэд бүртгэгдсэн бэ. Илүү олгосон мөнгөнөөс хэдийг нь буцаан төвлөрүүлсэн бэ?
-Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсон даатгуулагчид ажилгүй байх хугацаанд нь олгох бөгөөд тэтгэмж авч байх хугацаандаа ажилд орж, албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн тохиолдолд тэтгэмж олголтыг зогсоох хууль эрх зүйн зохицуулалттай..
-Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль бусаар авах зорилгоор ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулах явдал бодитой хэмжээнд байна уу. Ийм зөрчлийг илрүүлэх ямар механизм ажилладаг вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу олгох, үндэслэлгүй тэтгэмж олголтоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах хяналтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
1. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийн хяналт: Ажлаас чөлөөлсөн үндэслэл, тушаалын мэдээллийг холбогдох хууль, баримт бичигтэй тулган шалгах.
2. Шимтгэл төлөлтийн мэдээллийн хяналт: Даатгуулагчийн ажилласан хугацаа, шимтгэл төлөлт, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг нийгмийн даатгалын мэдээллийн сантай тулган баталгаажуулах.
3. Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн тулгалт: Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй иргэнээр бүртгүүлсэн эсэх, ажил идэвхтэй хайж байгаа нөхцөлийг шалгах.
4. Эрсдэлд суурилсан шалгалт: Нэг ажил олгогчоос олон ажилтан богино хугацаанд ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн зэрэг эрсдэлийн шинж тэмдгийг илрүүлэх.
5. Илүү олголтын хяналт: Үндэслэлгүй олгогдсон тэтгэмжийг тогтоож, хуульд заасан үндэслэлээр санд буцаан төвлөрүүлэхэд хяналт тавьж ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.