Аймшигт мангасуудын тухай тэр л мэдэхгүй бол өөр хэн сайн мэдэх билээ. Стивен Кинг бол өдгөө дэлхийн хамгийн амжилттай яваа зохиолчдын нэг. Тэрээр зохиолынх нь эсрэг дүрийн баатрууд болоод нууц сүүдэр, зүүдний талаар уншигчидтайгаа ярилцжээ.
Кинг уншигчдын асуултад хариулж, зохиол бичихэд авдаг урам зориг, айдас хийгээд бичиж чадахгүй гацах үедээ ямар мэдрэмж авдаг талаараа өгүүлсэн байна. Ийнхүү уншигч та бүхэндээ “The Guardian” сэтгүүлийн тоймч Рич Пеллигийн буулгасан ярилцлагыг орчуулан хүргэлээ. Хамгийн эхний асуултыг тэр өөрөө тавьжээ.
- Би нэг удаа “Guardian”-ны богино өгүүллэгийн уралдаанд оролцож байсан. Тус уралдааныг та шүүн тунгаасан л даа. Гэвч би бүтэлгүйтсэн. Бичих гэдэг дахин дахин оролдох хэрэгтэй зүйл мөн үү. Эсвэл авьяасгүйгээ хүлээн зөвшөөрч, боломжгүй мөрөөдлөөсөө татгалзсан нь дээр үү? (Rich Pelly)
Стивен Кинг; - Авьяасгүй дээ биш л дээ. Хүн бүрд тодорхой хэмжээний авьяас байдаг гэж би боддог. Гол нь түүнийгээ байнга дасгалжуулж, хурцалж байх хэрэгтэй. Аливааг хийхийн хэрээр түүндээ улам ихээр дурладаг. Авьяас байгаа учраас л тухайн зүйлийг хиймээр санагдсан байж таарна шүү дээ.
- Та “Christine” романыхаа хуудас дээр “Шударга ёсны төлөө чанга хашхирсаар бай” хэмээн бичиж өгсөн. Мөн гарын үсгээ зурсан. Би тухайн үед “Judas Priest” хамтлагийн тэмдгийг зүүж явсан юм л даа. Өдгөө ч хөгжмийн нөлөө танд чухал хэвээр үү? (RobFramton)
С.К. - Тэгэлгүй яахав. “Judas Priest” хамтлагаас цааш өөр хөгжим рүү шилжиж эхэлсэн дээ. “Duma Key” (2008) романдаа тэдний “You’ve Got Another Thing Comin’” дууны үгийг ашигламаар байсан ч эрхийг нь авч чадаагүй. Тэгээд “Rancid”, “Nazareth”, “Anthrax”, “Metallica” гээд өөр хамтлаг, хөгжмүүдээр амьсгалсан. Яг бичих үедээ бол хөгжим сонсох дургүй. Харин бичсэнээ засварлах үедээ диско эсвэл хэмнэл нь олон давтамжтай хөгжим сонсох дуртай. Өнөөдөр гэхэд л би “zydeco” хөгжим, “LCD Soundsystem” сонсож байлаа. “North American Scum”, “Losing My Edge”, “Daft Punk Is Playing at My House” надад их таалагддаг.
- Та номын дэлгүүрээр орж өөрийнхөө номд хэнд ч мэдэгдэлгүй гарын үсэг зурдаг хэвээрээ юу? (Pampers)
С.К. - Боломжтой бол шургуулаад гарчихдаг шүү. Сүүлд Мэйн мужийн баруун хэсгийн нэг номын дэлгүүрт орж “Never Flinch, You Like It Darker” дээрээ гарын үсэг зурсан. Би гэхдээ номд гарын үсэг зурах арга хэмжээг нэг их таашаадаггүй. Сүүлд 1000 номоос санамсаргүйгээр сонгосон 400 ном дээр гарын үсгээ зурсан. Мэдээж ингэх нь төгсгөлгүй урт дараалалтай учрахаас хавьгүй дээр юм шүү.
- “Prolific” гэдэг үг зөвхөн таны бүтээлийг л жинхэнэ утгаар нь илэрхийлдэг. Зогсолтгүй бичдэг нь таны сонголт уу, эсвэл зүгээр л болих боломжгүй болохоор тэр үү? (JamesZZZ)
С.К. - Өглөөний есөн цагаас хойших үд хүртэлх гурван цагийг яах вэ гэдэг л надад асуудал. Зурагтаар зугаатай шоу үзэх хязгаартай. Тэгээд гарч алхахаар шийдсэн ч толгойд дараагийн зохиолын санаа эргэлдээд байдаг. Товчхондоо бол өөрийгөө бичих ажлаас хөндийрүүлж, зугаацаж байгаа хэрэг л дээ.
- Та номоо одоо ч “Microsoft Word” дээр бичдэг үү? (Otterley)
С.К. - Тийм ээ. Зарим өглөө гараар биччихээд дараа нь хуулдаг. Гэхдээ ихэвчлэн word ашигладаг. Учир нь буцаагаад засахад амар байдаг юм. Мэдээж компьютерын мундаг мэдлэгтэй хүн биш болохоор асуудал үүсвэл IT-гийн залуудаа даатгачихдаг.
- Яагаад олон хөлтэй амьтад илүү аймшигтай санагддаг юм бол? (Biscoff)
С.К. – Тэр үнэн шүү. Адриан Чайковскийн “City of Last Chances” романыг уншсан. Тэр номд олон хөлтэй, аварга мэлхий шиг мангас хүмүүсийг газар доороос татан авч махыг нь цоолж, толгойг нь иддэг хэсэг бий. Үнэхээр аймаар санагдсан. Мэдээж тэд бидэнтэй адилгүй, хүн шиг харагддаггүй, бараг л харийн биет шиг сэтгэгддэг болохоор айдас төрүүлдэг биз.
- Та амралтаараа илүү хөнгөн зохиол уншихдаа хэнийг сонгодог вэ? Би бол П.Г.Вудхаусыг байнга эргүүлдэг. (LowerColon)
С.К. - Би Вудхаус уншдаггүй. Харин Британийн детектив зохиолуудыг унших дуртай. Одоогоор Эвелин Кларкийн “The Ending Writes Itself” романыг уншиж байна. Үйл явдал нь Шотландын нэгэн арал дээр өрнөдөг. Хүмүүс тус арлаас гарч чадахгүй гацсан тухай ном л доо. Нэлээд сонирхол татаж байгаа.
- Би Англи хэл дээр магистрын зэрэг хамгаалахаар Холли Гибнигийн дүрийн хувьслын талаар бичиж байгаа. Анх “Гайхмаар жижиг дүр” байсан хэрнээ дараа нь гол баатруудын нэг болсон шүү дээ. Энэ тухай та юу хэлэх вэ? (Norahseel56)
С.К. – Эхлээд түүнийг бараг л хошин дүрээр сэтгэж байсан. Ээждээ дарлуулсан, аав нь ихээхэн сул дорой нэгэн. Тиймээс нэг их сонирхол татахаар эмэгтэй биш. Харин “Mr. Mercedes”-ийн нэг хэсэгт Жероми Робинсон түүнээс компьютерийн талаар зөвлөгөө авах үед тэр клиник аялал хийсэн. Яг энэ мөчөөс л Холли гурван хэмжээст дүр болж хувирсан. Бичих тусам илүү сонирхолтой болж байлаа. Тэр үеэс би ч өөртөө итгэж эхэлсэн. Мэдээж тэр эмзэг, дорой мэдрэмжтэй хэвээрээ агаад нөхөргүй, магадгүй онгон ч байж мэдэх юм. Би түүний түүхийг бүрэн судлаагүй л дээ. Гэхдээ романы гурав дахь дэвтрийг бичиж байхад тэр тайзан дээр шууд гарч ирээд л бүхнийг хулгайлчихсан.
-660x0.png)
- Роланд Десчайн хэзээ нэгэн цагт малгай өмсдөг үү? (Moonlover)
С.К. - Үгүй ээ. “Dark Tower” цуврал дээр ч малгай өмсгөөгүй. Малгай өмссөн ковбойг би жаахан өөрөөр төсөөлдөг юм.
- Зохиолчийн хувьд ямар нэгэн хар ажил хийж үзэх нь уран бүтээлд тус болдог уу? (Sophiemay)
С.К. - Би үүнд бат нот итгэдэг. Би олон янзын ажил хийж үзсэн. Ахлах сургуульд байхдаа угаагч, хог ачигч хийдэг байлаа. Мод хөрөөддөг, зам засдаг хүмүүстэй ч хамт ажиллаж байсан. Хар ажил хийхээр хөдөлмөрийн үнэр, бодит амьдралын үнэ цэнийг зохиолдоо шингээж сурдаг.
- Таны аймшгийн зохиолуудад үргэлж сүүдэр оршдог. Тэр сүүдрүүдийг бодож олдог нь таны туршлага уу, эсвэл зүүд үү? (Gary1)
С.К. - Хоёулаа. Би маш тод зүүд зүүдэлдэг. Нэг хэсэг бүр тэдгээрийг тэмдэглэж авдаг байсан. Заримдаа хамгийн бодитой, жинхэнэ аймшиг унтаж байхад ирдэг. Сэрүүтээ тэмдэглээд авчихвал дараа нь зохиолд ашиглаж болдог.
- Таны бүтээлүүдээс улс төрийн өнгө аяс мэдрэгддэг. Та Трампыг нэг төрлийн аймшгийн дүр гэж үздэг үү? (Charlotte89)
С.К. - Тийм шүү дээ. Трамп бол аймшгийн бодит дүр, түүх мөн. Тэр Америкийн ардчилалын тогтолцоог эдвсэн. Худал мэдээлэл цацаж, хүний хамгийн муу зан авир, мөн чанаруудыг өдөөж байгаа хүн. Хэрэв би түүнийг зохиолдоо шингээвэл уншигчид намайг арай л хэтрүүлчихлээ гэх байх.
- “Stranger Things” цуврал таны бүтээлээс маш их санаа авсан байдаг. Та өөрөө уг цувралыг хэрхэн хүлээж авсан бэ? (Mickyr)
С.К. – Надад таалагдсан. Хүүхэд нас, нөхөрлөл, аймшиг, хийсвэрлэл гээд цөм миний дуртай сэдэв. Гэхдээ би өөрийн минь бүтээлийг хуулбарласан гэж огт бодоогүй. Харин ч миний уран бүтээл дараагийн үеийнхэнд нөлөөлж байгаад баяртай байдаг.
- Та өөрөө олон кино зохиол бичсэн. Аль дүрийг кино дэлгэцэд хамгийн зөв гаргаж чадсан гэж боддог вэ? (HelenaR)
С.К. “Шоушенкийн шоронгоос зугтсан нь” бол минийхээр төгс болсон кино. Тим Роббинс, Морган Фрийман хоёр яг л миний төсөөлсөн шиг дүрийг бүтээж чадсан. “Stand by Me” байна. Тэдгээр хүүхдүүд чадварлаг дүр бүтээсэн.
-660x0.png)
- Та өөрийгөө бүтээлийнхээ ямар нэгэн дүрээр дахин дахин харуулдаг уу. Жишээ нь, зохиолчийн дүрээр ч юм уу? (DanielH)
С.К. - Тийм ээ, би өөрийгөө олон зохиолчийн дүрд дотор нуусан. “The Shining”-ийн Жек Торранс, “Misery”-ийн Пол Шелдон, “Bag of Bones”-ийн Майк Ноонан гээд л... Тэд миний тусгал. Гэхдээ өөр өөр хувилбарууд.
- Та хэзээ нэгэн цагт бичихээ болино гэж боддог уу? (Reese77)
С.К. - Бие минь л муудахгүй бол зогсохгүй. Бичихгүй бол амьдрал утга учиргүй санагдана. Хэрэв компьютерийн товчлуур дарж чадахаа боливол хэн нэгэн хэлж өгөөд бичүүлнэ дээ.
- Хэрэв таны нэг хүслийг биелүүлэх боломж олдвол юу хүсэх вэ? (Liam)
С.К. - Хүмүүсийн зүрх сэтгэлээс айдсыг арилгахыг хүснэ. Биднийг айдас л хамгийн их хорлодог. Улс төрчид ч тэр айдсаар тоглодог. Айдасгүй бол бид илүү шударга, илүү дээр нийгэмд амьдрах байсан.
Стивен Кингийн уншигчидтайгаа хийсэн уг ярилцлагаас түүнийг зөвхөн аймшгийн зохиолын мастер бус өдөр тутмын өчүүхэн жижиг зүйлээс ч урам авч чаддаг уран бүтээлч, хөгжимд дуртай, улс төрийн талаарх өөрийн гэсэн байр суурьтай, үнэнч шударга сэтгэлтэй хүн болохыг харуулна.
Тэрээр зохиолын дүрүүдээ хэзээ ч бүрэн хянаж чаддаггүй агаад зарим нь өөрөө амь орж, зохиолыг удирддаг тухайгаа нуулгүй ярьсан нь уран бүтээлийнх нь нууцлаг чанарыг улам тодотгож байна. Харин түүний хамгийн том “айдас” бичихээ болих тэр өдөр л ирэх биз ээ.
Б.Алтанхуяг