.png)
Балбад болсон хүний амь үрэгдсэн хүчтэй гэнэтийн үерийн улмаас усан цахилгаан станцын байгууламжууд шавар, лаганд дарагдаж, олон ажилтан хонгилд гацсан билээ. Тэгвэл гамшгаас хойш ес хоногийн дараа хоёр хүнийг амьд аварч гаргажээ.
Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч бригадын генерал Ража Рам Баснетийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн гамшигт хамгийн ихээр өртсөн бүсүүдийн нэг болох Тришули 3А усан цахилгаан станцын хонгилд аврах ажиллагаа үргэлжилж байх үед ажилчдыг олсон аж.
Эхлээд Санжай Шахыг аварч, Тришули дахь Балбын армийн хуаранд хүргэжээ. Үүний дараа Кабир Махаржан гэх өөр нэг хүнийг мөн хонгилоос гаргасан байна. Тэд хонгилын доторх 170 метрийн гүнээс аврагдсан болохыг Баснет баталжээ.
Санжай Шах нь Upper Trishuli 3A төслийн ахлах ажилтан, харин Кабир Махаржан нь хяналтын ажилтан юм.
Албаныхны мэдээлснээр хоёр ажилтны биеийн байдал тогтвортой байгаа ч нисдэг тэргээр Катманду дахь эмнэлэгт хүргэжээ.
Аврагдсаны дараа Шах армийн албаныхнаас хамгийн түрүүнд “Өнөөдөр ямар өдөр вэ?” хэмээн асуусан байна.

Шах аврагчдад тохиолдсон явдлынхаа талаар ярихдаа үер болох үед хонгилын удирдлагын өрөөнд байсан гэжээ.
Тэрээр “Ердийн үед тэнд тав, зургаан хүн л байдаг. Харин энэ удаа 40-45 орчим хүн байсан байх. Би удирдлагын өрөөнд байсан учраас хүн бүрийн амийг аврах үүрэг надад байсан. Ийм осол болсны дараа би ганцаараа зугтаж болохгүй байсан. Би бүгдийг нь аврах ёстой байсан” гэжээ.
Тэрээр хүмүүсийг гаргахыг оролдохдоо далан дээр томоохон осол гарсныг хэлж, яаралтай зугтахыг анхааруулсан байна.
“Хүмүүсийг гаргах гэж оролдохдоо би цаг алдсан. Эцэст нь өөрөө гарч чадаагүй” хэмээн Шах ярьжээ.
Харанхуй хонгилд сэтгэлээ тайван байлгахын тулд тэрээр тарни уншиж байсан гэнэ. Хонгилд байх хугацаандаа гурав, дөрвөн хүнтэй л холбоо тогтоож байсан гэжээ.
Тэрээр “Тэд ойр орчмоосоо бие бие рүүгээ хашхирч харилцаж байсан. Цахилгаан станцын үндсэн байгууламж дотор ч хүмүүс байж магадгүй. Зарим нь гарч чадаагүй байх” гэж хэлсэн байна.
Балбын Харилцаа холбооны сайд Бикрам Тимилсина цаашид илүү олон ажилтныг амьд аврах найдвар байгааг мэдэгджээ.
Олон усан цахилгаан станц сүйджээ
Өнгөрсөн долоо хоногт Балба – Хятадын хяналтад байдаг Төвөдийн хил орчимд хайлж буй мөсөн голын хэсэг нурсан нь асар хүчтэй үер үүсэхэд хүргэсэн. Үүний улмаас ус, чулуу, хог хаягдал, шавар лаг бүхий хүчтэй урсгал хөндийгөөр дайран өнгөрч, Бхоте Коши болон Тришули мөрний дагуух ихэнх усан цахилгаан станцыг сүйтгэжээ.
Балбын Гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр үерийн улмаас дор хаяж 1259 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Аврах ажиллагаа хонгилуудад төвлөрч байна
Аврах ажиллагаа одоо усан цахилгаан станцуудын хонгилуудад голлон төвлөрчээ. Эрх баригчид хонгилын дотор үүссэн агаарын хөндийнүүдийн ачаар зарим ажилтан долоо хоногоос илүү хугацаанд амьд үлдсэн байж болзошгүй гэж үзэж буй.
Том чулуунууд болон үерийн ус хонгилуудыг дүүргэж, орцуудыг хаажээ. Зарим нь гүн шавар, лаганд бүрэн дарагдсан гэнэ. Upper Trishuli 3A байгууламжийн хонгилыг олоход аврагчдад бараг зургаан өдөр шаардлагджээ. Армийн болон мэргэжлийн аврах багууд хонгилын амсрыг бөглөсөн нуранги, шаврыг цэвэрлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна.
Баасан гарагийн үүрээр хонгил руу нэвтрэх гарц гаргасны дараа дотор нь олон хүний дуу сонсогдсон болохыг баталжээ.
Аврах багийнхан “Битгий сандраарай, бид та нарыг аварч байна” гэж хашхирахад дотроос:
“За” гэсэн хариу ирсэн байна.
Олон зуун ажилтан сураггүй хэвээр
Балбын Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр Тришули мөрний дагуух усан цахилгаан станцуудаас дор хаяж 557 ажилтан сураггүй байгаагийн 115 орчмыг нь гол хонгилд гацсан гэж үзэж байна.
Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн ес дэх өдрөө Катманду хотын эмнэлгүүд болон Балбын цахилгаан эрчим хүчний байгууллагын байранд цуглаж, төрөл төрөгсдийнхөө талаар мэдээлэл хүлээж байгаа юм.
Катманду дахь Трибхуваны их сургуулийн сургалтын эмнэлгийн хананд Тришули 3А болон бусад төслийн сураггүй болсон ажилчдын зургийг байрлуулжээ.
Орон нутгийн эрх баригчдын урьдчилсан тооцоогоор Гималайн өндөрлөг дэх 12 усан цахилгаан станцын төслөөс нийт 900 орчим ажилтан сураггүй байгаа бөгөөд тэдний 500 орчим нь хонгилуудад гацсан байж болзошгүй гэнэ.
Аврах ажиллагаа мөн Расувагадхи усан цахилгаан станцад төвлөрч байгаа бөгөөд Балбын эрх баригчид тус станцын газар доорх тасалгаанд гацсан 46 ажилтан амьд байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.