
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 670 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох сэдвүүдээ танилцуулъя.
Нэг. Амар тайван оронд ч асуудал хэзээд дундардаггүй
Сүүлийн жилүүдэд дийлэнх олон маань гэмт хэрэг, осол аваар, хүчирхийлэл зэрэг хар бараан мэдээнд хошуурч, уншиж, тэр хэрээр ч иймэрхүү мэдээ мэдээллийн тоо цахим орчныг дүүргэж байна. Үг, үйлдлийн зөрөө гэдэг шиг нийгмээс, амьдралаас сайхныг олж харахыг уриалдаг, хүртэхийг хүсдэг атлаа буруу жалга руу хийсэж тогтсон хамхуул аятай мугуйд бүхнийг л шүтэх болцгоожээ. Харин хэн ч өөрийнхөө бараан тал руу өнгийж, олон нийт хар бараан мэдээ мэдээлэл, үйл явдал руу хуйларч байгаа талаар хөндсөнгүй. Угтаа бурууг өөрөөс бус өрөөлөөс хайдаг чанар бүгдэд үндэслэсэн. Муугийн үндэс хүний дотор гүн хавж ургасан бол арилгахад бэрх. Нийгмийн дүр төрх бол иргэн бүрийн ухамсар, сэтгэлзүйн толин тусгал байдаг. Харанхуйд дасах тусам нүд юмсыг тодорхой харж эхлэх боловч гэрэл мөнөөх сүүдэрт залгиулж биднээс алсарсаар байх нь бий. Харин тус харанхуйгаас нэгээхэн гэрлийн тусгалыг олж харах аваас сүүдэр аяндаа нимгэрнэ.
Б.Алтанхуяг “Гэрэл хүсэх цаг” нийтлэлээс
Хоёр. COP 17 аялал жуулчлалын салбарт боломж авчрах уу, эрсдэл дагуулах уу?
COP 17 нь жуулчдын оргил ачааллын үеэр болж байгаа учраас америк, европ жуулчдын хувьд хүндрэл үүсэж, тур оператор компаниуд жуулчдаа хаана байршуулах вэ гэдэг зовлонтой явна. Улсын хэмжээнд 630 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 89 нь 1-5 одны зэрэглэлтэй бол олон улсын сүлжээ 9 зочид буудал манайд бий. 2025 оны байдлаар Улаанбаатар хотын зочид буудлууд өрөөнийхөө 50-51 хувийг борлуулсан бол орон нутагт энэ үзүүлэлт 62 хувьтай байна. Ердийн үед ч хүчин чадлынхаа хагасаар ажилладаг зочид буудлуудын хувьд COP 17-н захиалгыг хүлээж байгаад хоосон үлдэх эрсдэлээ тооцож, ийнхүү захиалгын системээ нээхээс аргагүйд хүрчээ.
М.Мөнхжаргал “Сая жуулчны мөрөөдөл алсрах нь” нийтлэлээс
Гурав. УИХ-ын хариуцлага хийгээд салхинд хийсгэсэн 31 тэрбум
ИТХ-д давхар сонгогдсон тухайн 78 төлөөлөгчийн үйл ажиллагаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40.1-д заасан өөр шатны ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглосон заалтай зөрчилдөж эхэлсэн юм. УИХ төлөвлөсөн хугацаандаа орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлээгүйн улмаас хууль хоорондын зөрчил үүсэж давхар сонгогдсон 78 төлөөлөгч аль нэг ИТХ-аа сонгож орон гарсан 78 мандатад нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн юм. Хэрэв УИХ хариуцлагатай байж орон нутгийн сонгуулийн хуулийг заасан хугацаанд нь өөрчилсөн бол 78 мандатад нөхөн сонгууль явуулж төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулахгүй байлаа.
С.Шийлэгтөмөр “УИХ-аас хариуцлага нэхсэн нөхөн сонгууль” нийтлэлээс
Дөрөв. Сэргийлье, сэхээрье
Уул уурхай, олборлолт болон барилга, дулааны станцын ажилтнууд МШӨнөөр өвдөх хувиараа тэргүүлдэг байна. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын дор гэсэн 4 нөхцөлд урт хугацаагаар, тасралтгүй ажилласан ажилчид эрүүл мэндийн өөрчлөлт буюу МШӨ-нөөр голчлон өвчилдөг аж. Уул уурхайгаа түшсэн эдийн засагтай манай улсын онцлог мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол дээр ч сүүдрээ тусгажээ. Тодруулбал, манай улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих эмгэг хамгийн өндөр №15 (67O) буюу 52.2 хувийг эзэлж байна. Уушги тоосжих, мэдрэл, мэс заслын өвчнүүд нь мэргэжлээс шалтгаалсан өвчний зонхилох шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр өвчин нь нийт мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын 85.1 хувийг эзэлжээ. Ийм иргэдийн 73.8 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байна.
Л.Эрдэнэжаргал “Ужиг өвчний эхлэл” нийтлэлээс
Тав. Хотоо угаахыг шаардаж байна
2024 оны дөрөвдүгээр сард хот тохижилтын ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэсэн. Ингэснээр уг салбарт ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, чанар ахина гэж үзсэн. Мөн хотын 14.9 сая метр квадрат талбайг дан ганц хот нь л хариуцахаа больж, нийслэлийн есөн дүүрэгтээ чиг үүргийг хуваарилав. Түүнчлэн тэдний ажилдаа ашиглах машин техникүүдийг 40 гаруй хувьтай шинэчилж өгсөн гэж нийслэлээс мэдээлсэн билээ. Гэсэн атлаа манай хот тохижилтынхон одоо хүртэл шүүрээсээ салаагүй л байна. Өглөө бүр шүүр барин тоос босгож зогсоо ажилчид бидний багаж зэвсгийн хэрэглээ “чулуун зэвсгийн” үеэсээ салаагүйг илтгэнэ. Тоосжилтыг дарах бус, нэг газраас нөгөө рүү шилжүүлэхийг цэвэрлэгээ гэж нэрлэх нь орчин цагт өрөөсгөл ойлголт. Учир нь орчин үеийн хот тохижилтын стандарт нь тоос босгох бус тогтмол угаах менежментэд тулгуурладаг.
И.Сарангоо “Саарал хот” нийтлэлээс
Зургаа. Бидний цөөхөн монголчуудын олонх нь “өвчтэй”
Тамхи татдаггүй, архи уудаггүй, хоол хүнсээ зөв тохируулж иддэг, артерийн даралтаа хэмждэг, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаардаг, халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл багатай хүн ам ердөө дөрөвхөн хувь. Мөн эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 1.6 сая иргэний 1.4 сая нь ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна. 0-17 насны хүүхдийн 78 хувь нь шүдний цооролтой байсан төдийгүй нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын 21.3 хувьд зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт илэрчээ.
О.Даваасүрэн “Анхаарлаас гарсан “анхаарах асуудал” нийтлэлээс
Долоо. Монгол симфони
Ерөөс хүн бүр амьдралынхаа туршид ямар нэгэн дууг өөрийн мэдэлгүй аялж явдаг. Сэтгэлд нь мөнөөх дуу, эгшиг аяндаа аялагдаад байдаг оньс нь магадгүй дотоод дахь марташгүй дурсамжтай нь холбоотой ч байж мэдэх юм. Зарим эгшиг зуурдынх бол цөөн хэд нь хүний дотор үлдэж, амьдралынх нь нэг хэсэг болтлоо шингэдэг. Тийм аялгууг бүтээдэг хүмүүс өөрсдөө цаг хугацаанд захирагддаггүй. Харин ч эсрэгээрээ, цаг хугацааг аялгуун дотроо шингээж чаддаг. Монголын хөгжмийн урлагт ийм чанарыг өөртөө цогцлоосон цөөнгүй хөгжмийн зохиолч төрсний нэг нь Төрийн соёрхолт Цогзолын Нацагдорж.
Б.Алтанхуяг “Уярал гэгч сэтгэлийн гэгээ” нийтлэлээс
Найм. Спортод шударга ёс тогтоохын төлөө
Эмэгтэй төрсөн ч хүйсээ сольсон АНУ-ын триатлонч Крис Мосье бүр 30 нас гарсан хойноо 2015 онд дахин эмэгтэйчүүдийн тэмцээнд орох гэж оролдон ОУОХ-той заргалдаж байв. Энэ хэрэг явдлын дараа эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцогчдоос гормоны шинжилгээ заавал авдаг болсон. ОУОХ харин энэ удаагийн шийдвэртээ үндэслэсэн шинжлэх ухааны судалгааг нийтлээгүй боловч гүйлт, усанд сэлэлтийн төрлүүдэд эрэгтэйчүүдийн гүйцэтгэлийн давуу тал эмэгтэйчүүдээс даруй 10-12% ахиу байдгийг тодотгожээ. Цаашлаад шидэлт, үсрэлтийн төрлүүдэд 20%, бокс зэрэг тэсрэх хүч шаарддаг спортод 100% хүртэл нэмэгддэг байна.
С.Лхагвасүрэн “Хүйсийн тулаан” нийтлэлээс
