
“China Southern Airlines” компанийн мэдээлснээр, түүний охин компани “Xiamen Airlines” “Boeing” компанитай 737-8 загварын 50 онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Хөрөнгийн биржид гаргасан мэдүүлэгт дурдсанаар, эдгээр онгоцны жагсаалтын үнэ ойролцоогоор 7.4 тэрбум ам.доллар байна. Худалдан авах гэрээг мягмар гарагт хөрөнгийн биржид мэдүүлжээ.
Гэхдээ “Boeing” компани “Xiamen Airlines”-д ихээхэн хэмжээний хөнгөлөлт санал болгосон тул худалдан авах бодит үнэ жагсаалтын үнээс доогуур байна гэдгийг “China Southern” мэдүүлэгтээ дурдсан байна. Агаарын тээврийн компаниуд нисэх онгоц үйлдвэрлэгчдэд олон тооны онгоц захиалахдаа их хэмжээний хөнгөлөлт эдлэх нь түгээмэл практик юм.
“Boeing” компани Хятадаас бараг арван жилийн турш томоохон захиалга аваагүй байв. Өнгөрсөн онд Хятад улс агаарын тээврийн компаниуддаа “Boeing”-ийн онгоцыг хүлээн авахыг хориглосон тухай мэдээлж байсан. Түүнчлэн Трамп Бээжинд чиглэсэн олон төрлийн тариф ногдуулсны дараа худалдааны дайны үеэр АНУ-ын компаниудаас нисэх онгоцтой холбоотой тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авахаа түр зогсоожээ.
“China Southern”-ийн мэдүүлэгт дурдсанаар, “Xiamen Airlines”-ийн гэрээнд багтсан онгоцуудыг 2031-2034 оны хооронд хэсэгчлэн нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн уг хэлцэлд компанийн хувьцаа эзэмшигчид болон Хятадын холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатайг онцолсон байна. Энэхүү захиалга нь “Xiamen Airlines”-т шинэ “Xiamen Xiang’an” олон улсын нисэх буудал руу шилжихтэй холбоотой боломжуудыг ашиглах, Фужянь мужид агаарын тээврийн зангилаа байгуулах ажлыг дэмжих, нисэх онгоцны паркийн бүтцийг оновчтой болгоход туслах юм.
Түүхэндээ зөвхөн “Boeing”-ийн онгоц ашиглаж ирсэн “Xiamen Airlines” 2023 оны эхээр үйл ажиллагааны түрээсээр анхны “Airbus A321neo” онгоцоо хүлээн авснаар бараг 40 жил үргэлжилсэн зөвхөн “Boeing”-ийн онгоц ашиглах бодлогоо зогсоожээ.