
Сингапурын алдартай усан сангийн орчимд давст усны матар байна гэх хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч зураг нийтэлсэн хэрэгт нэгэн эрэгтэйд ял төлөвлөжээ.
Мьянмарын иргэн Е Лин хуурамч мэдээлэл тараасан, мөн уг зургийг болон ашигласан аппликэйшнийг устгаж, хэргийг шалгах ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутгагдсан байна.
Хуурамч зураг олон нийтийг айлгаж, төөрөгдүүлсэн аж.
Үүгээр зогсохгүй Үндэсний усны агентлаг наймдугаар сарын 20-нд Пандан усан санд матар үзэгдсэн тухай мэдээлэл хүлээн авч, ажилтнууд болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаныхан матар эрэн хайх, барих ажиллагаа явуулсан байна. Мөн Сингапурын сэлүүрт завины холбоо зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ.
Гэвч маргааш нь усны агентлаг уг матрын зургийг хуурамч болохыг тогтоож, цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаагийн мэдээлснээр, Е Лин уг матрын зургийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээж, дараа нь хамтран ажилладаг хүндээ илгээжээ. Улмаар үйлдлээ нуухын тулд зураг болон холбогдох аппликэйшнийг устгасан гэж цагдаа нар үзэж байна.
Е Лин шүүхийн орчуулагчаар дамжуулан гэм буруугаа хүлээх бодолтой байгаагаа хэлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Хэргийг арваннэгдүгээр сард шүүхээр дахин хэлэлцэх бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол Е Линд хорих ял болон их хэмжээний торгууль ногдуулж болзошгүй.
Сингапурт хуурамч мэдээлэл илгээсэн тохиолдолд гурван жил хүртэл хорих, 10 мянган сингапур доллар хүртэлх буюу ойролцоогоор 7800 ам.долларын торгууль, эсвэл дээрх хоёр ялыг хамтад нь ногдуулж болно. Харин шүүх ажиллагаанд саад учруулсан хэрэгт долоон жил хүртэл хорих ял, торгууль, эсвэл хоёуланг нь ногдуулах боломжтой.
Е Лин хамтран ажиллагчдаа илгээсэн хуурамч зургийн талаарх мэдээлэл үндэсний усны агентлагт хэрхэн хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.