
Америкийн уран зохиолын сод төлөөлөгч, яруу найрагч Гертруда Стайн 1874 оны энэ өдөр төржээ.
Түүний бүтээлүүд ухаарал, тайвшрал өгөхөөс илүүтэй цоо шинийг эрэлхийлсэн, сэтгэсэн, үгийг авианы хэмнэл хийгээд давтамж дээр суурилсан абстракч бичвэр болгон хувиргасан нь Жойс, Хэмингуэй зэрэг хожмын олон уран бүтээлчдэд нөлөөлсөн билээ.
Үүгээрээ ч тэр модерн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг.
THREE LIVES (1909)
Энэ бол Стайны анхны томоохон бүтээл. Түүнийг модернист зохиолчийн хувьд уг номд алдарт хүргэсэн билээ. Бүтээлд Анна, Меланктха, Лена гэх гурван эмэгтэйн амьдралын түүхийг өгүүлжээ.
Харин Стайн улалжлалт найруулгын хэв загварт баригдалгүйгээр үгийн давталт, хэмнэлээр хүний дотоод сэтгэлийн хөдөлгөөн, ганцаардлыг уран яруу гаар илэрхийлсэн юм. Ялангуяа “Melanctha” хэмээх бүлэг нь сэтгэлзүйн задлал, арьс өнгөний үзэл, эмэгтэй хүний дотоод дахь тэмцлийг тод томруун, зоригтойгоор илэрхийлснээрээ онцлогтой.
TENDER BUTTONS (1914)
Стайны хамгийн их маргаан дагуулсан бүтээлүүдийн нэг. Тус ном “Objects”, “Food”, “Rooms” гэх гурван хэсэгтэй. Гэвч утга зохиолын тухай гэхээс илүүтэй хэлзүйд хийсэн туршилт гэх дүгнэлтийг араасаа дагуулдаг.
Учир нь алим, аяга, өрөө гэх мэтийг дүрслэхдээ утга зүйн логикийг эвдэж, үгийг цэвэр авиа, хэмнэл, мэдрэмжийн түвшинд авч үзсэн байдаг. Тиймдээ ч уншигчдад ойлгогдох бус мэдрэгдэх бүтээл гэж судлаачид дүгнэдэг.
THE AUTOBIOGRAPHY OF ALICE B. TOKLAS (1933)
Түүний хамгийн алдартай, уншигчдад нэн ойр бүтээлүүдийн нэг. Нэрээс нь анзаарахад л Стайн өөрийн амраг, хамтрагч Алиса Токласын дуу хоолойгоор өөрийн үзэл бодол, уран зохиолд хандах хандлагаа илэрхийлсэн байх боломжтой. Нэг ёсондоо уг бүтээл бол түүний амьдрал, уран бүтээлчдийн талаарх дүгнэлт, үзэл бодол, учрал тохиолоос бүрджээ.
Энд Пикассо, Матисс, Хемингуэй, Фицжеральд зэрэг ХХ зууны урлаг, утга зохиолын томчуудын Парист өнгөрүүлсэн амьдрал тод гарна. Тиймдээ ч модернизмын түүхийг дотроос нь өгүүлсэн баримтат уран зохиол гэж хэлж болно.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
THE MAKING OF AMERICANS (1925)
Уг ном бол Стайны хамгийн төвөгтэй романуудын нэг. Тэрээр Америк гэр бүлийн хэд, хэдэн үеийн түүхийг өгүүлэхдээ зан чанар, давтагдах хэв маяг, удамшлын сэтгэлзүйг нарийвчлан задалж, шинжилдэг.
Бүлэг бүрийн хооронд нэгэн өгүүлэмжийн давталтууд байх бөгөөд тэдгээр нь уншигчдад амар ухагдахгүй. Харин Стайны хэлний философиос аваад үзвэл америк хүнийг ойлгох гэсэн оролдлого гэж дүгнэдэг. Уламжлалт романы бүтэц уг номын хувьд бүрэн эвдэгджээ.
LECTURES IN AMERICA (1935)
Уг бүтээл бол онолын ном. Стайн нэгэнтээ америк даяар хийсэн лекцүүддээ орчин үеийн урлаг, зохиол, цаг хугацаа, тухайн үеийнхээ мэдрэмжийн тухай өгүүлдэг байв. Тэдгээрээ эмхэтгэж уг номыг гаргажээ.
Түүний “present continuous” буюу яг одоо үргэлжилж буй ухамсар гэсэн ойлголт уг бүтээлд хэлбэрждэг. Тиймээс Стайныг зөвхөн зохиолч бус утга зохиолын сэтгэгч гэдгийг эл номыг уншсан хэн бүхэн хүлээн зөвшөөрнө.