Наадмын нээлт, хаалтын ёслолыг дэглэх найруулагч хэн байх вэ гэдэг нь наадамд хаанахын хэн гэдэг бөх түрүүлэх вэ гэдэг шиг жилийн жилд таавар, таамаг уралдуулж, магтаал, шүүмжлэл дагуулдаг сэдэв. Наадам наадмын нээлт өөр болдог. Харин ганц өөрчлөгддөггүй зүйл бий. Хуульчлан журамлачихсан болохоор арга ч үгүй биз. Монгол наадмын сүлд хийморь, амин сүнс нь учир тэр биз.
-Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд зална.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ.
Жил жилийн наадмын хөтөлбөрт энэ хоёр өгүүлбэр бий. Ирэх долоодугаар сарын 11-ний өглөө Төрийн их цагаан туг Төв цэнгэлдэх хүрээлэнд 36 дахь жилдээ заларна. Энэхүү төв эрхэмсэг бөгөөд сүрлэг, хийморь золбоо төгс ёслол бол монгол наадмын нэг оргил хэсэг билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 12.4-т “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” хэмээн заасан бол Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 10.1-т “Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална”, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 6.1-т “Монгол Улсын Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална” хэмээн тус тус хуульчилжээ.
Эдгээр хууль батлагдахаас өмнө Төрийн их цагаан тугийг Төв цэнгэлдэхэд гурван жил дараалан “хуульгүйгээр” цэнгүүлсэн түүхтэй. Энэ түүх өөрөө Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын өнөөгийн хэв маяг, хэм хэмжээ бүрэлдэн тогтох эхлэл болсон юм.
…1990 оны цагаан морин жилийн үндэсний их баяр наадмын нээлтийг найруулах хүндтэй үүрэг нэрт найруулагч Г.Доржсамбууд ногджээ. Ардчилсан хувьсгал өрнөөд ердөө л хагас жилийн нүүр үзэж байсан үе. Монголчуудын оюун сэтгэлгээнд тэсрэлт бий болж, шинэ, чөлөөт нийгмийн үүд нээгдэн, үндэсний үзэл сэргэж эхэлсэн анхны жилийн наадам. Үзэл сурталжсан нийгмийн улаан туг бүрхсэн хөдөлмөрчдийн сүрт жагсаал, уриа лоозонт баярын парад бус эзэн Чингисийнхээ байгуулсан эртний сурвалжит монгол төрийн их баяр цэнгэлийг төрт ёс, түүх соёл, үндэсний бахархал дүүрэн ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр нээх санаа Г.Доржсамбуу найруулагчийн зүрхэнд лугшиж, тархинд нь бүрэлджээ.
Ийнхүү төрийн есөн хөлт Их цагаан тугаа хуяг дуулга агсаж, хүлэг морио унасан баатар эрс Төв цэнгэлдэхэд ёслол төгөлдөр залж, Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан эсгий дээгүүр алхалсаар саран дугариг эсгийт индэр дээр гарч түмэн олондоо хандан хүндэтгэл, бахархлын үг айлдан Ардын хувьсгалын 69 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээсэн түүхтэй.
Ардчиллын анхны жилийн наадмын бахархал, омогшил дүүрэн энэхүү нээлтийн талаар нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны тухай хөрөг, дурсамжийн “Арслан” номд тодорхой өгүүлсэн бий. Есөн хөлт Их цагаан тугийг залах ёслолын сүр жавхлант хөгжмийг Монголын хөгжмийн урлагийн нэгэн их оргил суу билэгтэн Нацагийн Жанцанноров зохиож, хөтлөгчдийн унших яруу тансаг найргийн цацал шүлгийг үгийн урлагийн их мастер Бавуугийн Лхагвасүрэн бичсэн билээ.
Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ тухай ийн дурсжээ. “1990 онд П.Очирбат гуай анхны Ерөнхийлөгч болох үед Б.Балжинням Соёлын яамны сайд, би нэгдүгээр орлогч сайд, наадмын соёл урлагийн арга хэмжээг хариуцаж байлаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн хөтөлбөрийг Доржсамбууд өгсөн. “Мандухай цэцэн хатан” киноны хувцас, эд хэрэглэл тарж алга болоогүй. Түүнийг ашиглаад манай хүн төлөвлөгөө гаргажээ.
Үндэсний юмнууд гэнэт цочмог хийлээ гэж би хаширлаад хассан юм зөндөө бий. Цагаан эсгийний хоёр талаар аргал асаагаад, утаан дундуур нь Ерөнхийлөгчөө алхууллаа. Очирбат гуай биднээс зөрөхгүй, “Ингээд үү?” гээд л хэнэггүй сайхан. Монголын XV зууны үеийн цэрэг, дайчид Цэнгэлдэх хүрээлэнд гарч ертөнцийн нүд нээгдсэн юм. Туг, харуул, эсгий индэр гээд бүх санаа, шийдэл, найруулга Доржсамбуугийнх. Би хөгжмийг нь л бичсэн ухаантай. Хэн, юу хийснийг хойч үеийнхэн мэдэх ёстой”.
Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн 1990 оны наадмын нээлтийн тухай дурсахдаа “Доржсамбуу наадмын найруулагчаар ажиллахдаа текст, шүлгүүдээ намайг бич гэсэн. Үг, санаа их нийлдэг болохоор ам, ажил зөрөөгүй. Чингис хаан морьтойгоо давхидаг хэсгийг ч тэр л сэдсэн. Одоо ч түүнийхээр л яваа. Анхдагч болсон Доржсамбууг дурсахгүй байгаад дургүй хүрдэг. Дурсаж чадахын тэнхэлгүй болно гэдэг бол амьдаараа мөхөж байна л гэсэн үг” хэмээжээ. Бяцхан тодотгол хийхэд,
1990 онд анх Төв цэнгэлдэхэд заларсан есөн хөлт цагаан туг нь УДЭТ-ынхан “Ээдрээ” жүжигтээ зориулан бүтээсэн туг байжээ. Мэдээж хожим нь Үндсэн хууль болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль батлагдсанаар эдүгээгийн Төрийн Их цагаан тугийг бүтээн залсан байна.
1986 онд “Ээдрээ” жүжгийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж шинэчлэн найруулж тавихад Ардын зураач Ч.Гунгаасүхийн хийсэн Есөн хөлт цагаан тугийг Г.Доржсамбуу найруулагч “Хоёр өдөр хэрэглээд өгье” хэмээн гуйж авч наадмын нээлт, хаалтын ёслолд ашигласан ажээ. Наадмын дараа Г.Доржсамбуу найруулагч “Бөхчүүд бүгд туганд мөргөөд сүртэй байсан шүү” хэмээн ярьж байжээ. Энэ тухай УДЭТ-ын үйлдвэр ангийн дарга, Соёлын тэргүүний ажилтан Ч.Ранаажавын дурсамж бий.

1990 оноос өмнөх улсын баяр наадмын нээлтийн ерөнхий хөтөлбөр нь Төв цэнгэлдэхэд шүхэрчид буух үзүүлбэр, хүүхдийн гимнастик, баярын парад алхаж бөмбөлөг хөөргөх төдий л байв. Ийм тогтсон хэв маягийг гэнэт эвдэж наадмын нээлтээр есөн хөлт цагаан тугийг хөө хуяг өмсөж, зэр зэвсэг агссан хүлэг баатрууд хүндэтгэлтэйгээр залж, цагаан дээл асаасан сүрлэг, хийморьлог Чингис хаан морьтой давхин гарч ирсэн нь наадамчдыг ёстой л гайхашруулж, бас баяр бахдал, омогшлыг нь төрүүлсэн юм. Хэлэх гэсэн санаа нь тодорхой, үйл явдал нь цомхон бөгөөд сүрлэг ийм нээлтийг өөр хэн ч биш найруулагч Г.Доржсамбуу л хийх байсан, хийж ч чадсан юм. Тэрээр ингэж монгол наадмын тэнгэрт, монголчуудын их баяр цэнгэлийн манлайд мөнхөд арилашгүй хаан тамгаа дарсан юм. Монгол төрийн их баяр наадмын нээлтийн ёслол Арслан Доржсамбуугийн хаан сэтгэлгээгээр анх амилж, эдүгээ хүртэл тасралтгүй үргэлжилсээр ажгуу.