
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Монгол Улс цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн EV болон REEV автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлж, “ногоон дугаар” олгох болсныг Зам тээврийн яамнаас мэдээлээд буй. Гэвч уг шийдвэр Улаанбаатар хотын өнөөдрийн түгжрэлд яаж нөлөөлөх, алсдаа ямар сорилт дагуулах вэ гэдэг асуулт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна.
Уг бодлого амьдрал дээр хэр бодитой буухыг таамаглахын тулд юун түрүүнд манай улсын цахилгаан автомашины зах зээлийн өнөөгийн дүр төрхийг харах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн эрч нь саарч, энэ оны эхний улиралд ердөө 88 ширхэг автомашин импортлогджээ.
Гаалийн ерөнхий газрын (ГЕГ) тоон мэдээллийг сөхвөл:
Дээрх хугацаанд импортлогдсон нийт 1,561 цахилгаан автомашины 76.3 хувийг БНХАУ-аас, 10.2 хувийг Япон улсаас, 5.1 хувийг АНУ-аас нийлүүлсэн байна. Эдгээр тоо баримтаас харахад цахилгаан автомашины зах зээл манайд хараахан тогтвортой нутагшиж амжаагүй, импортын эрч нь саарах хандлагатай байгааг харж болно.
Гэтэл энэ салбарыг "ногоон" гэх шошгоор дэмжих гэсэн төр засгийн оролдлого нь байгаль орчин талаасаа эерэг нөлөөтэй мэт боловч, бодит байдал дээр түгжрэлийн "гал дээр тос нэмсэн", байгаа оноогүй шийдвэр болоод байна. Өөрөөр хэлбэл, хөрсөн дээрээ буугаагүй энэхүү "давуу" эрх нь нийслэлийн авто замын түгжрэлийг тэг зогсолт руу түлхэх дараагийн алхам болох вий гэх болгоомжлолыг дагуулж буй.
EV болон REEV автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөхөөр болсон нь өнгөн талдаа экологийн шийдвэр мэт боловч, бодит байдал дээр түгжрэлийг гааруулах эрсдэлтэй. Учир нь ногоон улсын дугаартай болчихвол авто зам ашигласны төлбөр төлөхгүй, долоо хоногийн таван өдөр хязгаарлалтгүй зорчино гэдэг зарим иргэдийн хувьд үлэмж давуу эрхийг олгож буй хэрэг. Гэхдээ энэхүү "ногоон дугаар" нь иргэдийг байгаль орчинд ээлтэй хэрэглээнд уриалахаас илүүтэй, түгжрэлээс зугтахын тулд "хоёр дахь" машинаа авахад хүргэх бодит сэдэл болох талтайг бодлого боловсруулагчид төдийлөн анзаарсангүй.
Хотын авто замын нэвтрүүлэх чадвар хэдийн 3-4 дахин хэтэрсэн энэ үед “ногоон” тодотголтой автомашинуудын тоо хяналтгүй өсөх нь зөвхөн замын түгжрэлээр зогсохгүй, хотын амьдралыг бүхэлд нь гацаах олон талт асуудлын эхлэл болох эрсдэлтэй. Учир бидэнд цахилгаан машиныг тогтвортой байлгах дэд бүтэц ч байхгүй.
EV автомашины өсөлтийг дагаад зайлшгүй байх ёстой дэд бүтэц буюу цэнэглэх станц, засвар үйлчилгээ, эрчим хүчний найдвартай эх үүсвэр манайд хангалттай хөгжөөгүй. Нийслэлийн хэмжээнд цахилгаан машиныг цэнэглэх цэгүүд хуруу дарам цөөн байгаа нь хэрэглэгчдэд бодит хүндрэл үүсгэж буйг бодлого тодорхойлогчид тооцоолох ёстой.
Нөгөө талд, манай эрчим хүчний систем өөрөө ачаалал ихтэй, өвлийн оргил үед доголдол үүсэх өндөр эрсдэлтэй байгаа. Ийм нөхцөлд бүрэн цахилгаан автомашины хэрэглээг бодлогогүйгээр дэмжиж нэмэгдүүлэх нь эрчим хүчний салбарт асар их дарамтыг бий болгох эрсдэлтэй юм. Үүнээс гадна цахилгаан машины батарейг дунджаар 8-10 жил болоод сольдог. Тэгвэл хаягдал лити-ион батарейг дахин боловсруулах, устгах үйлдвэр манайд байхгүй. Үүнээс эхлээд агаараа цэвэршүүлэх гэсэн бидний шийдэл эргээд хөрсний бохирдол, эрчим хүчний хомсдол, түгжрэлийн асуудал гээд олон асуудлыг гааруулах бодит аюул нүүрлэхээр байна.
Эцэст нь, аливаа бодлого нийгмийн бүх бүлэгт шударга, хүртээмжтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр "ногоон дугаар" нь байгаль орчныг хамгаалах шийдэл гэхээсээ илүү боломжтой хэсэгт дугаарын хязгаарлалтыг тойрч гарах "давуу эрх" олгосон зохицуулалт болоод байна.
Хэрэв төр засаг үнэхээр цахилгаан автомашиныг дэмжих гэж байгаа бол бодит тооцоолол дээр тулгуурласан уян хатан шийдлийг урьтаж бий болгох ёстой. Үүнд, өрх бүрд олгох хөнгөлөлтийг хязгаарлах (хоёр дахь машиныг бус, цорын ганц машиныг дэмжих), цэнэглэх станцын хүртээмжийг замын сүлжээтэй уялдуулах, нягтаршил ихтэй бүсүүдэд ногоон дугаартай байсан ч тодорхой зохицуулалт тогтоох зэрэг цогц төлөвлөлтийг бий болгож байж хэрэгжүүлэх нь чухал.
Эцэст нь бидэнд зөвхөн "ногоон дугаар" бус, ногоон дэд бүтэц, ухаалаг зохицуулалт хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа билээ.