Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд явган зорчигч давуу эрхтэй байдаг. Учир нь тэд автомашин унаж түгжрэл үүсгэж, агаар орчныг бохирдуулдаггүй. Тийм ч учраас явган хүний зам, гарц зэргийг хүнээ боддог улс орон дээд зэргээр анхаардаг.
Гэтэл Улаанбаатар хотод энэ байдал эсрэгээрээ. Нийслэлчүүдийн хувьд алхах нь томоохон сорилт. Хотын дийлэнх замууд нүх, чулуу, шороо, эвдрэлээр дүүрч, тойрч алхахаас өөр сонголтгүй болгодог. Түүнчлэн скүүтер, унадаг дугуй, мопед зэрэг цахилгаан тээврийн хэрэгслүүд явган хүний замыг булаалдан давхилдах нь алхахад улам л хүндрэл учруулж, эрсдэл дагуулж байна.
Хотын түгжрэлд хамаг цагаа алддаг нийслэлчүүдэд скүүтер, мопед, унадаг дугуй хамгийн хурдан, хугацаа хэмнэсэн сонголт мэт санагдана. Гэвч эдгээр цахилгаан хэрэгслүүд явган хүний хувьд дайсан мэт болоод буй. Учир нь дүрэм журамгүй, тусгай замгүй тэд аль ч замаар зорчиж, явган хүний замыг эзлэхээс гадна хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Үүнээс болж иргэд тусгай замаараа алхахдаа хүртэл айдас, түгшүүр мэдэрдэг болсон. Угаас хоёр хүн ч зөрж багтахад төвөгтэй нарийн замаар хоёр, гурван төрлийн тээврийн хэрэгсэл давхар зорчино гэдэг төсөөлөхөд ч бэрх. Энэ нөхцөл байдал нь зөвхөн алхахад төвөгтэй төдийгүй иргэдийн аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж буй. Тухайлбал, эдгээр цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гэмтэж бэртсэн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд асар хурдан өссөн нь статистикаас статистикаас харагдаж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Жил бүр бүртгэгдсэн тохиолдлыг харвал, 2022 онд нийт 50 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд энэ тоо 305 болж өсчээ. Түүнчлэн 2024 оны байдлаар 532 болж, өмнөх оноос 74.4 хувиар нэмэгджээ. Тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.
2024 оны тоон үзүүлэлтээс харахад эдгээр ослын 93 хувь буюу 495 тохиолдол нийслэлд бүртгэсэн бөгөөд 91.2 хувь буюу 485 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) хандсан байна.
Осолд орсон хүмүүсийн 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэй, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд 15-19 нас, эмэгтэйчүүдийн дунд 5-9 насныхан хамгийн их өртжээ.
Харин 2025 оны эхний зургаан сарын байдлаар дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед гэх мэт тээврийн хэрэгслээс үүдэлтэй 3146 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Сурагчид сурронттой хотын гудамжаар давхих нь гоё харагдах тренд мэтээр ойлгож, дүрэмгүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс улбаалж, осол аваарт өртөх, өөрийгөө болон бусдыг гэмтээх тохиолдол олон гарсаар буй. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр 2024 оны наймдугаар сард нийслэлийн холбогдох албаныхан сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн л унах зохицуулалтыг гаргасан. Ингэснээр 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 18 нас хүрсэн, “А” үнэмлэхтэй иргэд суррон унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болсон. Улмаар 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай болсон.
Гэвч уг журам бодит амьдрал дээр хангалтгүй хэрэгжиж, хотын төвийн замуудад суррон, мопедтой сурагчид зам хөндлөн давхих үзэгдэл хэвээрээ байна. Түүнчлэн түрээсийн үйлчилгээтэй скүүтерүүдийн хувьд ямар нэгэн журам байхгүй учир ЕБС-ын сурагчид нас харгалзахгүйгээр хоёр, гурваараа сундлалцан замын хөдөлгөөнд оролцож, осол аваарт өртөж буй.
Журамд зааснаар скүүтер, сурронтой зорчигчид авто замын баруун талын эгнээгээр явах ёстой. Гэвч сурагчид эсрэг урсгалд орж, замын зүүн талаар давхих нь элбэг. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд урд дугуйгаа өргөх, хурд хэтрүүлэх, хоёр гурваараа сундлах зэргээр дүрэм зөрчин, осолд өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал нэг зүйлийг маш тод харуулж байна. Явган зорчигчид алхах замгүй, харин цахилгаан скүүтер, суррон, дугуйнд зориулсан тусгай зам ч үгүй. Ингэхээр бүгд нэг зам дээр шахцалдаж, осол аваар, бухимдал, эмх замбараагүй байдал үүсэх нь тодорхой.
Иймд хэрэв нийслэл явган зорчигчдоо ээлтэй, тухтай байдлыг үүсгэхийг хүсэж байгаа бол олон улсын жишгээр стандарт шаардлага хангасан явган замыг бүрэн дүүрэн тавих ёстой. Эсвэл скүүтер, дугуй зэрэг цахилгаан тээврийн хэрэгслийг тусад нь зорчих замаар хангах хэрэгтэй. Ингэж байж л хүн бүрд аюулгүй, эмх цэгцтэй орчин бүрдэнэ.
Хэрэв энэ байдлаар тусгай замгүй, стандарт бус орчинд цахилгаан тээврийн хэрэгслийг хяналтгүй явуулсаар байвал иргэдийн амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор байна.
Үүнээс гадна их хотын өнгө үзэмж, эмх цэгцэд төвөг учруулж буй түрээсийн скүүтерийн компаниуд ч хариуцлагатай, дүрэм журмаар ажиллах цаг ирсэн. Тодорхой зогсоолгүй, хүссэн газраа дур мэдэн скүүтерээ хаядаг байдал нь явган зорчигч, автотээврийн хэрэгслүүдэд төвөг учруулж, замын хөдөлгөөнд эмх замбараагүй байдал үүсгэж байгааг иргэд, жолоочид шүүмжилдэг.
Иймээс өнгөрсөн сард Бага тойруу орчимд 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг байгуулсан. Гэвч иргэд, түрээсийн компаниуд уг зогсоолыг бүрэн ашиглахгүй, скүүтерээ хаа сайгүй тавих явдал гаарсаар л байна.
Олон улсад бол скүүтер зөвхөн тусгай зогсоолд байршуулдаг бөгөөд компаниуд нь тэр байршлуудад татвар төлж, хяналттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манайд энэ зарчим бүрэн хэрэгжихгүй байгаа нь иргэдийн аюулгүй байдал, хотын зохион байгуулалтыг ноцтой алдагдуулж буй.
Улмаар дүрэм, журамгүй энэ шинэ бизнест дуртай болгон гар дүрж, иргэдийн аюулгүй байдал, хотын эмх цэгцэд саад учруулсаар байна.