
Ойрхи Дорнод дахь байлдааны ажиллагаа эрчимжиж, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн дарамт нэмэгдэх болгоомжлол газар авснаар дэлхийн хөрөнгийн зах зээлүүд дарамтад орж, Brent маркийн түүхий нефтийн үнэ баррель нь 100 ам.доллар давлаа.
Нефтийн жишиг фьючерсийн үнэ лхагва гарагт 100.19 ам.долларт хүрсэн нь долоодугаар сарын 24-ний өдрөөс хойших хамгийн өндөр түвшин боллоо. Тухайн үед АНУ, Ираны хооронд харилцан ойлголцлын санамж бичиг үйлчилж байсан учир нефтийн үнэ буурах хандлагатай байжээ.
АНУ-ын арми шөнийн цагаар Ираны түүхий нефть тээвэрлэж явсан таван танкерт халдсан бол Иран хариуд нь Йордан дахь АНУ-ын цэргийн хүчний байрлал руу пуужингийн цохилт өгч, мөн усан тээврийн хэрэгслүүдэд халджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Америкийн байлдааны хөлөг онгоц руу халдах оролдлогын хариуд Вашингтон Ираны нефть тээвэрлэгчдэд цохилт өгсөөр байх болно гэж мэдэгдэв.
Уолл Стритийн хөрөнгийн зах зээлийн гурван гол индекс болох S&P 500, Dow Jones болон Nasdaq тус бүр бага хэмжээгээр буурлаа. Европын хувьцааны зах зээлүүд сүүлийн нэг долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрч, аж үйлдвэрийн болон банкны салбарын хувьцаанууд хамгийн ихээр унав. Канадын томоохон компаниудын хувьцааг дагасан фьючерсүүд мөн бага зэрэг буурчээ.
Азийн зах зээлүүд хэлбэлзэлтэй байсан ч хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөр дэмжигдсэн технологийн компаниудын хувьцаа долдугаар сард хүрсэн доод түвшнээсээ сэргэх өсөлтөө үргэлжлүүлэв.
Swissquote-ийн ахлах шинжээч Ипек Өзкардесяа Reuters агентлагт “дайны улмаас газрын тосны үнэ өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг сулруулсаар байна” гэж хэлжээ.
“Зун энхийн хэлэлцээр байгуулах боломжтой гэсэн итгэл найдвараар дүүрэн байсан. Харин есдүгээр сар эхэлж байгаа энэ үед энэ өөдрөг үзэл бүдгэрч байна” гэж тэр хэлсэн байна.
Societe Generale-ийн олон хөрөнгийн стратегич Маниш Кабра 100 ам.доллар гэдэг нь эдийн засгийн гэхээсээ илүү “сэтгэлзүйн босго” гэж үзэж байгаагаа хэлжээ.
“Эрэлтийн мөчлөгт томоохон ухралт бий болгохын тулд түүхий нефтийн үнэ 150 ам.долларт хүрэх шаардлагатай гэж бид үзэж байна” гэж тэр хэлсэн байна. Мөн дизель түлшний үнэ өсөх нь инфляц болон үйлчилгээний салбарын зардалд нөлөөлж болзошгүй гэж нэмжээ.
Газрын тосны үнийн огцом өсөлт нь инфляц нэмэгдэж, төв банкууд мөнгөний бодлогоо илүү хатуу баримтлахад хүрч болзошгүй гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлэв.
Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаа бол ирэх долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сан хуралдаж, мөн адил алхам хийх эсэхээ шийднэ.
Бондын зах зээлд ч дарамт нэмэгдэж байна. Инфляц өсөх болгоомжлолын улмаас сүүлийн хэдэн долоо хоногт бондын өгөөж нэмэгдэж, арилжаачид төв банкууд мөнгөний бодлогоо чангатгана гэж таамаглаж байна.
АНУ, Иран хоёр наймдугаар сарын сүүлээр харилцан халдлагаа дахин эхлүүлснээс хойш АНУ, Япон болон Европын зарим орны жишиг бондын өгөөж сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь засгийн газруудын зээллэгийн өртөг нэмэгдэх, мөн дэлхийн санхүүгийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх талаар болгоомжлолыг нэмэгдүүлж байна.