
Швед улс 8.7 тэрбум швед крон (916 сая ам.доллар)-ын өртөгтэй агаарын довтолгооноос хамгаалах болон дрон эсэргүүцэх систем худалдан авна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдэв.
Ингэхдээ Saab болон BAE Systems зэрэг компаниудаас худалдан авалт хийх юм.
Орос улс Украинд халдсанаас хойш Европын ихэнх орнуудын адил Швед улс батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд цэргийн зардал нь 2026 онд ДНБ-ий 2.8 хувь, 2030 онд 3.5 хувь хүрнэ гэж тооцоолж байна.
“Агаарын довтолгооноос хамгаалах чадавхад хөрөнгө оруулах нь урьд өмнөхөөс илүү чухал болсон” гэж Батлан хамгаалахын сайд Пол Йонсон мэдэгдэлдээ дурджээ. “Агаарын заналхийллээс хамгаалах нь засгийн газрын өндөр ач холбогдолтой зорилт бөгөөд бид батлан хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд илүү олон гэрээ байгуулах болно” гэжээ.
Энэхүү багцад Gute II нэртэй дрон эсэргүүцэх систем багтах бөгөөд энэ нь радар болон их бууны системээс бүрдэж, суурин болон тээврийн хэрэгсэл дээр байрлуулж ашиглах боломжтой байх аж. Энэ нь цэргийн нэгжүүд болон цөмийн цахилгаан станц, төмөр замын зангилаа зэрэг чухал дэд бүтцийг хамгаалахад зориулагдсан.
Saab тусдаа мэдэгдэлдээ өөрийн нийлүүлэх хэсгийн өртөг 2.6 тэрбум крон гэдгийг дурдаад бага өндөрт нисэх жижиг, дунд оврын дрон илрүүлж устгах платформ багтаж байгаа онцолсон.
Нийт багцад мөн сум хэрэгсэл болон тээврийн хэрэгсэл, үүнд Финландын Sisu компанийн явган цэргийн хөдөлгөөнт машин багтана гэж сайд Йонсон хэлсэн байна. Худалдан авсан “бараанууд”-ын хүргэлт 2027–2028 онд хийгдэх аж.